ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирээдүйнхээ төлөө дор бүрнээ хичээцгээе

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-01

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг эх үрсийн баяр өнөөдөр тохиож байна. Жил жилийн зургадугаар сарын 1-ний энэ өдөр охид ганган даашинзаа дэрвүүлж, хөвгүүд нь хамгийн дэгжин хувцсаа өмсөөд аав, ээждээ хөтлүүлэн их л баяр  хөөр болдог. Энд  тэндгүй өнгө өнгийн бөмбөлөг барьсан хүүхдүүд цоглог гэгч нь инээлдэж хот хөдөөгүй бяцхан үрсийн аз жаргалаар бялхдаг юм. Харин  энэ жил дэлхийн 200 гаруй оронд цар тахал гарч нийтээрээ хөл хориог тогтоогоод буй. Олон нийтийн үйл ажиллагааг ч хориглож гэр гэртээ цомхон тэмдэглэх шийдвэрийг гаргалаа. Төр засгийн шийдвэрийг дагах уриалгыг ч олон нийт гаргасаар байгаа билээ. Гэсэн ч амралтын олон өдөр таарч байгаа учраас ням гарагаас эхлэн эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан салхинд гарах нь ихэсчээ. Өчигдөрхөн л  гэхэд Туул голын эргээр хүүхдүүдтэйгээ түр салхилж яваа олон хүн байсан ч тэднийн дунд амны хаалттай хүүхэд, том хүн тун цөөн байв.  Худалдааны төвүүд  хүүхдэд үйлчлэхгүй гэх шийдвэр гарсан ч энэ өдрүүдэд томоохон дэлгүүрээр хүүхдүүдээ дагуулан явах дүр зураг олон  харагдсан юм. Эцэг,  эхчүүд  та бид хүүхдүүдээ баярлуулж болох ч эрсдэлийг тооцож зөв зохистой баярлахыг уриалж байна.

Голын эрэг дээр хэрэглэсэн хоол, хүнснийхээ гялгар уут савыг буцаагаад ачаад явах нь нийслэл хотын  соёлтой иргэнд  байх ёстой үйлдэл мөн. Ил хаясан хог эргээд та, бидний ажиллаж,  амьдарч байгаа Улаанбаатар хотын хөрс,  усны бохирлолд  нөлөөлөөд зогсохгүй, бид бохирдсон  усаараа ундаалж, тэрхүү хөрсөн дээр хүүхэд багачууд,  та, бид өөрсдөө хөрвөөнө гээд боддоо. Тиймээс зөвхөн  өнөөдөр ч гэлтгүй ирээдүйдээ эрсдэл учруулахгүй, аюулт өвчнийг нөмрөхгүйн тулд  дор бүрнээ хичээцгээе.