Өглөө нарны хурц туяа нүүрэн дээр тусч нүд гялбуулан байж сая нойрноос сэрлээ. Гарч ирээд намайг хараач, надтай тоглооч гэх шиг шувууд хөгжилтэйгээр жиргэх нь чихэнд сонсогдно. Энэ чи ирлээ гэж үү. Хэдий удаан хүлээлгэсэн юм бэ. Хэчнээн их шаналгасан юм бэ?
Удаан орхиод одсонд чинь гомдсон тунирхалыг минь ороон, зулгаах энэ иш навчнаас чинь зууран татагдаж чам руу ургамаар.
Энхрийлэн дурсдагаа больчихоод эргэж нэг ч сурсангүй гэж тэвчээр алдсан цөхрөлийг минь чирэн одох хөвөн үүлийг чинь даган чам руу нисмээр.
Чамайг дэргэд байхгүйд бэтгэрэн дуслуулсан нулимсыг минь эврээх энэ дулаан элчинд чинь төөнөгдөн чам руу гиймээр, тийм их хүсэн хүлээжээ чамайг би.
Зун чамайг харуулдсаар хатах шахсан миний сэтгэлийн булгийг мартах дөхсөн тэр нэг дотно тэврэлтээрээ оргилуулаач. Тэгвэл тэртээ нэгэн өдрөөс хойш ундаасан үлдсэн хайрын минь талд цэцэгс дэлбээлж, баярын хур асгарч, итгэлийн солонго татах нь. Хожим нь сэвэлзүүр салхиар дайсан чиний уучлал ирлээ. Тэсгэлгүй би нулимс дуслуулж, чээжний минь угт нуугдсан бяцхан цоморлиг түүгээр услуулж дэлбээгээ нээлээ. Уяхан зөөлөн дэлбээ минь шүүдрийн дуслыг чинь хүлээсээр зүсээ алддаг би хөөрхийлөлтэй цэцэг. Гэсэн ч ганцхан дусал хур болон сэтгэлээ асгаруулсаар ирэхэд чинь цэнгэн жаргаж бахдалтайгаар дэлгэрдэг би азтай цэцэг. Үүлэн сүүдэр дайрах төдийд чиний минь хайрыг тэр нэгэн булаачихсан мэт гунидаг би өрөвдөлтэй цэцэг. Гэлээ ч үнэр анхилам байна гээд дэлбээг минь имрэхэд чинь өөрийгөө хорвоогийн хамгийн тод сайхан нь мэт санадаг би золтой цэцэг. Ай зун чамаар би мөн ч их дутаж дээ...