ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Поп ээж

Б.ОЮУНГЭРЭЛ
2020-06-12

Нас дөнгөж 85-тай ануухан.  Хар залуугаараа өвчин ярина, хараа муудчихлаа гэчихээд даалуу үүлүү, гилийн тамга, бундангийн тамгаа ялгаад байна. Харахаар таягаа шүүрч аваад хөл дээрээ тогтож ядаад, харахгүй бол таягаа шидчихээд үүднийхээ довжоог шүүрдчихсэн зогсох. Бие базаахгүй байна гэнэ. Тэгсэн ч эмнэлэгт хэвтэхгүй ядаргаа, сувилалд явахгүй зүдэргээ гэнэ. Харин зугаалганд явж голын эрэг дээр мах шарж идэж, хөзөр даалуу тогломоор байна гэнэ. Зугаалах зугаалахдаа хүүхдүүдтэйгээ бүгдтэй нь явна гэнэ. Ядрахгүй юм уу гэхээр зүгээр ээ гэнэ. Эмнэлэг сувилал хэрэггүй, амралт зугаалга л хэрэгтэй гэнэ. Уул хадаар тэнэнэ гэнэ, майхан саванд хононо гэнэ. Тэгвэл эв эрүүл болж, сав саруул сэтгэнэ гэнэ. Сонгууль болох гэж байна. Эмнэлэг сувилалд хэвтээд яахав гэнэ. Сувилалд явчихвал, эмнэлэгт хэвтчихвэл сонгуульд саналаа өгч чадахгүй болчихно гэнэ. Попорч байна. Энэ улстөрчдөөс болж байхгүй юу. 24-нд нартай байвал улаан дээлээ өмсч гараад МАН-д, бороотой байвал цэнхэр тэрлэгээ өмсч очоод АН-д, салхитай байвал цэцэгтэй эрээн өмдөө цагаан цамцтайгаа өмсч очоод МАХН-д, цастай байвал хурган дотортой дээлээ өмсч гараад бие даагчид саналаа өгөх юм байх. Хэн нь өөртөө санал өгүүлмээр байна, манай ээжээр. Нам, эвслийнхэн, бие даагчид нэг юм бодно байгаа. Баянзүрхийн суугуул ээжийн хувьд бие даагчид бол ер хамаагүй. Цас орохгүй, халуун зунаар хурган дотортой дээл өмсөхгүй болохоор одоо яая гэхэв. АН, МАН, МАХН-ынханд нэг хүний санал ч гэсэн хэрэгтэй.  Гэхдээ л бараг найдваргүй дээ. Сүмог бол гаргаахгүй үзнэ, сүмочдыг бол хаанаас нь ч харсан нэрлэнэ. Хамгийн доод зиндаанд барилдаж байгаа жоохон хүү ирээд Баянзүрхэд нэр дэвшсэн бол батаараа нэг санал авна гээд бодчих.

Энэ популизм нь юу ч биш. Аавынхаа аавыг амьд гэж сэтгэнэ, ах эгч нь дүүдээ ирж золго гэж дарамтална. Ороод гарсан байхад ирээгүй гэнэ. Хөргөгч нь дүүрэн байхад хоосон байна гэж айлгана. Хоёр чих юм сонсохгүй нь, хүү бэр хоёрынхоо яриаг чагнамаар байна гэнэ. Ээжийн попролт хэрээс хэтэрлээ. Энэ хүнд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгөөч, бурхан минь.