ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Тавантолгойн асуудлаар МАН шинэ амлалт өглөө

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-07-02

УИХ-ын хаврын чуулганы үр дүнгийн талаар УИХ дахь АН-ын Бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хаврын чуулганы үеэр ард иргэдийн амьжиргаанд нөлөөлөх нэг ч бодьтой зүйл хийж чадсангүй. Энэ нь өөрөө амьдрал дээр нотлогдож байна. Нэгдсэн хүрээнд гол гол төлөвлөгдсөн ажлуудаас бодлогын шинж чанартай, улс орны холбоотой асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж амжсангүй. Тухайлбал, Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудыг хэлэлцэж амжсангүй. Бид үндэслэлийг нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд гаргаж байна. Татварын багц хуулиар АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулаад дүгнэлтээ гаргахаар ажиллаж байгаа. Хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй учир намрын чуулган руу шилжиж байна. Тус хуульд анхаарах зүйл байгаа. Уул уурхайн компаниудаас татварыг ижил авах тухай асуудалд голлон анхаарах ёстой. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хууль уналаа. Засгийн газраас хуулийг сөрөг нөлөөтэй, валютын ханшид нөлөөлнө гэж үзсэн ч бодит чанар дээр Монголын  уул уурхайн баялаг үнэгүй гадагшаа  гарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Ямар ч улсын иргэн тухайн худалдаж авсан барааныхаа үнийг тухайн улсад нь төлж байх ёстой. Энэ бол нийтлэг жишиг. Энэ жишиг зарим уул уурхайн компаниудад үйлчлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруу гэж үзсэн. Хэрвээ энэ хуулийг баталсан бол  оффшор бүсэд мөнгө байршуулдаг явдлыг зогсоох байсан юм. Монголын баялаг гадагшаа урсаад байгаа болохоор байнга Монгол Улс валютын хомсдолд орж байна. Эдийн засаг өсч байгаа ч валютын савалгаа байнга байна. Харин үүнийг эрх баригчид буцаасан нь буруу юм. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолыг УИХ 10-хан хоногийн дотор баталлаа. Мэдээж тогтоолд түүхий зүйл маш их бий. Үүнийг АН эрх баригч нартай хамтарч, зөв шийдвэр гаргахыг хүссэн. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллуулах ёстой гэдэг дээр манай намын байр суурь нэг байгаа. Тиймээс бид эрх баригч нартаа Тавантолгойн орд болон бусад стратегийн ордын асуудлаар хэлэлцээрийн ширээний ард суусан. Бид тухайн үед нэг зүйл дээр ойлголцсон. Стратегийн ордын хамгийн том нь яах аргагүй Тавантолгой мөн байна. Тавантолгойг нээлттэй компани болгоно гэж байгаа бол толгой компанийг нь иргэдийн мэдэлд, хяналтад удирдлагад өгч, нийт монголчууд баялгаасаа хувь хүртэж, Үндсэн хуульд заасан тэр заалт руу явах зүйтэй гэж ойлголцсон. Эрх баригчид Тавантолгойн асуудлыг “Эрдэнэс Монгол”-той хольж ойлгож болохгүй гэдгийг хамгийн сүүлийн өдөр ярьж эхэлсэн. “Эрдэнэс Монгол” бол Монголын баялгийн ганц толгой компани юм. Бид ийм чухал шийдвэрт хүрэх ёстой байсан. Харамсалтай нь хүрч чадсангүй. Энд хүрч чадаагүй нь эрх баригчид Тавантолгой шиг стратегийн ордуудыг нэг, нэгээр нь өмчилж авах оролдлого хийж байна гэж ойлгож байгаа. Монголын уул уурхайн баялгийг 15 хэсэг хувааж идэх тухай ойлголт руу явж байна гэж ойлгохоос өөр аргагүй.  Бид бүх зүйлийг хойш татахыг хүсээгүй. Тавантолгойн асуудлаар бүлгийн байр сууриа илэрхийлж, төслийг санал нэгтэй баталсан. 

Тавантолгойн асуудлаар
МАН шинэ амлалт өглөө гэж харж байна. Ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг 10 хувиар өснө. Экспортын орлого 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно гэж УИХ-ын дарга хэлсэн. Бид энэ төслийг дэмжиж, амлалтыг нь шаардаж ажиллах болно гэсэн юм.