ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таван алхмын зай та, биднийг аварна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-10

Уушгины нэн ховор өвчнөөр шаналж буй өсвөр насны хоёр хүүхдийн сэтгэл хөдөлгөм хайрын тухай өгүүлэх “Таван алхмын зайд” киног үзсэн хүн олон бий байх. Нэгэндээ таван алхмаас илүү ойртвол хэн, хэнийх нь амь нас эрсдэлд орох учраас биллярдны цохиур дундаа барин болзоонд явж, тэр цохиураар нэгэндээ хүрч байгаа сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг өгүүлдэг. Өнөөдөр бидэнд тэр хоёр залуу шиг хүнд өвчин биш ч гэлээ тэдэнтэй адилхан зай барих шаардлага үүсчихээд байна.

Таван алхмаас илүү бие, биедээ ойртвол таны үр хүүхэд, аав ээж гээд хайртай бүхэн чинь эрсдэлд орох эгзэгтэй цаг үед бид амьдрах шаардлага үүсэв. Хэдийнэ сая гаруй хүний амийг авч одсон коронавирусээс хамгаалах хамгийн энгийн арга нь хүн хоорондын зай буюу 1.5-2 метр зайнд харилцах ёстой гэж хэлсээр байхад л хаа таарсан газраа чихэлдэж, тэврэлдэх нь холгүй аашлах аж.

Тэр тусмаа дэлгүүрт очерлох хүмүүс дундаа зай гаргахаар тийшээ ч дайрч орох, зай барихыг сануулсан нэгнээ маягтай, сэжигч хэмээн буруутгах хандлага ч бидний цөөнгүйгээс нь гарч байх юм. Ерөөсөө л энэ өвчнийг хамрын ханиадтай эндүүрч, хэтэрхий сүржигнэж байна гэж үзэх хүмүүс олон болсон байх юм. Гэвч дархлаа сайтай хэмээн өөрийгөө өргөмжилж, хүн хоорондын зай барихгүй дайрч буй залуу та вирус тээгч болж, тэр вирус чинь таны хайртай аав, ээжийг энэ хорвоогоос авч одвол яах вэ. Тэр цагт харамсаад ч барахгүй учраас зайгаа барьж, амны хаалтаа зүү.

Энэ сарын 14-нөөс эхлэн хөл хорио суларч, төр засаг биднийг өөрсөддөө найд хэмээн өвчинтэй хамт үлдээж байна. Энэ тохиолдолд уншигч та хаана ч хэзээ ч таван алхмын зайг баримталж сураарай. Энэ бол таны хайртай бүхнээ хамгаалж буй хамгийн чухал таван алхам байх болно. Хүн хоорондын зайгаа барихгүй байгаа хэн нэгэнд шаардлага тавьж, нийтээрээ сахилга баттай байцгаая. Энх цаг ирэхэд бид тэврэлдэн уулзахын тулд өнөөдөр та өөрийгөө болон өрөөлийг ч бас өвчнөөс хамгаалаарай.