ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ эрх баригчдад үйлчилсэн ШАГНАЛАА хүртэв үү

O.Admin
2021-03-20

АН-ын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуулийн дараагаас эхлэн МАН-д үйлчилж ШАГНАЛАА хүртсэн байж болзошгүй баримтыг уншигч танд хүргэе. 
 

Тэрбээр, хууль хяналтын байгууллагаар шалгуулж байсан бүх хэргээ хаалгаж, МАН-ын ивээлд бүрэн утгаараа шилжсэн бололтой. Нөхцөл байдлыг эргэн сануулахад, С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ыг ялагдуулж, намынхаа олон арван гишүүнээс авсан хандивын мөнгөө хаана юунд зарцуулсан нь тодорхой бус байснаас үүдэн түүнийг шалгах үндэслэл бүрдсэн билээ. Мөн даргаар ажилласан бүхий л хугацаанд гишүүдээ бутаргаж, өөрт таалагдаагүй нэгнээ намаас хөөж,  тойргуудаа сул нэр дэвшигчдээр бүрдүүлсэн нь эрх баригчидтай тохироо хийж, өвдөг шороодуулсан уу хэмээн хардах үндэслэл болсон байдаг. С.Эрдэнэтэй үзэл бодол нийлдэггүй, сөргөлддөг бүхнийг замаасаа холдуулж, өөрийнхөө хүрээллийг бий болгож, намаа хувийн байгууллага шиг үзэж, хувь хүний засаглалыг тогтоосон нь ялагдлын гол шалтгаан болсон хэмээн журмын нөхөд нь дүгнэж байгаа билээ.

Мөн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн "Капитал" банк руу шилжүүлж, ашиг хүртсэн, улмаар банк дампуурснаас үүдэн мөнгөө гаргаж авч чадаагүй улсад маш их хэмжээний буюу 400 гаруй тэрбумын хохирол учруулсан, охин нь Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлаар шалгуулж байсан билээ. Намын ялагдлын дараахан тамгаа Ц.Туваанд өгөөд сураг алдарсан С.Эрдэнэ өнөөдөр юу хийж, хэний захиалгаар хор хутгаж, намаа бутарсан мэт харагдуулж буйг хүн бүхэн мэддэг болов.
 

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн  есөн сар гаруйн хугацаанд С.Эрдэнэ гэгч нь намаа бутаргаж, ТАМГА, ТЭМДЭГ булаацалдаж, бүр хуурамчаар нэгхэн өдрийн дотор тамга хийлгэж, ан цав үүсгэн, АХ намд үнэнч гэдгээ батлахын тулд хангалттай сайн зүтгэсэн хэмээн намын эгэл жирийн гишүүд нь бухимдаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй АН-ын даргыг сонгох сунгаанд саад болох үүднээс бид эвлэрлээ, нэг өдөр Намын даргаа хамтарч сонгохоор боллоо гэх элдэв худал мэдээлэл цацаж, намын гишүүдээ бутаргах ажиллагааг одоо ч гүйцэтгэсээр байгаа юм. Тэр ч байтугай цахим сүлжээнд хуурамч хаяг нээчихээд хууль дүрмийн хүрээнд ажлаа хийж байгаа ДоСХ-г харлуулах, тус байгууллагын дарга И.Мөнхжаргал руу чиглэсэн дайралтыг ч хийж онигоо болж байх ажээ. Ц.Элбэгдоржийн гар хөл болсон Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь, Э.Бат-Үүл зэрэг хэсэг бүлэг этгээдтэй нэгдэн намын үйл ажиллагааг баллуурдах ажлыг эрх баригчдын даалгавраар хийв. Энэ бүхний эцэст АН намын даргаа томилж чадахгүй хугацаа алдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлж чадахгүйд хүрч мэднэ. Энэ л тэдний болон С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарт даалгавар өгсөн эрх баригчдын хүсэл. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд  ямар ч хамаагүй үнээр өөрт нь төлөвлөсөн ялаас мултрахын тулд нам дамжсан бүлэглэлд үйлчилж, гүйцэтгэл сайтай ажилласан УРАМШУУЛЛАА хангалттай хүртсэн баримтыг хамтдаа уншицгаая.