Энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр 21.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарцаар гарч явсан долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Тээврийн цагдаагийн албан хаагчид дуудлагын дагуу шуурхай очиж, гэмтсэн хүүхдийг Гэмтэл согог судлалын үндэсний төв хүргэн, эмчилгээг эхлүүлсэн ч гэмтлээ даалгүй нас барсан аж. Тухайн ослыг гаргасан жолоочийн согтуурлын зэрэг 2.54 гэж заажээ.
2021 он гарсаар нийтдээ 4 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаад байна. Тиймээс жолооч нар уулзвар, гарц руу дөхөх үедээ хурдаа сааруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.