ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв

O.Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн /2026.08.13/ ээлжит хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдээллийг өглөө.

Өчигдөр ОХУ-аас Улаанбаатар хотод нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ92 автобензин ирсэн байна. Үүнээс эхний 23 вагоныг өчигдөр буулгаж, Улаанбаатар хотын 75 ШТС-д 756 тонн, орон нутгийн 49 ШТС -д 441 тонныг хүргүүлсэн байна.

Одоо ОХУ-аас Монгол Улс руу нийт 152 вагон буюу 9120 тонн АИ92 автобензин байна. Хэдийгээр өнгөрсөн хоёр хоногт түгээлт бага хийгдсэн ч ирэх даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд түгээлт хэвийн болно гэдгийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд тодотгов.

Тэрбээр,

-Бид бүхэн өнөөдөр, маргаашийн дотор орон нутгийн түгээлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ ням гарагт нийслэлийн хэмжээнд шатахууны хэрэгцээг хангах хэмжээний түгээлтийг хийнэ. Ирэх долоо хоногоос улсын хэмжээнд түлш, шатахууны түгээлтийг хэвийн болгохоор ААН-үүдтэй хамтран ажлаа төлөвлөн шуурхай ажиллаж байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд холбогдох бүх байгууллага идэвх санаачилгатай ажиллаж байна. Тухайлбал, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс түлш, шатахууныг тээвэрлэлтийг богино хугацаанд шуурхай татан авч ажиллаж байгаа юм. БНХАУ-аас ачигдсан онгоцны түлшийг богино хугацаанд татан авалт хийж маргааш 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлт хийхэд бэлэн болно.

Татварын ерөнхий газраас шатахуун импортлогч ААН, компаниудыг татварын өртэй байсан ч данс хаахгүй байх шийдвэр гарган ажиллаж байгаа. Тээврийн цагдаагийн албанаас шатахуун түгээх станцуудын оочир дугаарлалттай холбоотой асуудалд зохицуулалт хийж замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх арга хэмжээг хийж байна гэлээ.