Монгол Улс найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, зургаан жилээр төр түшилцэх зургаа дахь Ерөнхийлөгчөө “өлгийдөн” авав.
Парламентад суудалтай улс төрийн гурван намын нэр дэвшигчийн дунд өрнөсөн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй аядуу тайван өрнөж, зардал мөнгө ч багатайгаар зохион байгуулагдлаа. Гэвч урьд өмнөх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болон, зургаа дахь Ерөнхийлөгчийн хувиар У.Хүрэлсүх хамгийн сул өрсөлдөгчтэй атлаа хамгийн бага хувийн ирцтэй сонгуульд ялалт байгуулсан учраас “үнэмлэхүй” гэсэн үг хэтийдсэн магтаал мэт сонсогдох биз ээ. Ямар ч сонгуулийн үр дүн ядахдаа л нэг сарын хугацаанд яригдах ёстой ч энэ удаа тийм зүйл болохгүй учраас дэндүү “амтгүй” ялалт түүнд иржээ. Гэсэн ч улсаар нь улааруулж өгсөн 821 мянган иргэний хүндлэл, хайрыг дааж чөмгөө дундартал биш юм гэхэд санал өгөөгүй хэсгийнх нь айж байгаа шиг “дарангуйлагч” болчихгүй ажиллах чухал юм. Болж өнгөрсөн сонгууль хэтэрхий нэг талдаа, хоёр намынх нь өрсөлдөгч сул байсан ч юу болж өнгөрөв, ямар үр дүн гаргаж болох байсныг тоймлон хүргэе.
“Амтгүй” ялалт
Улсын хэмжээнд 52 хувийн ирцтэй буюу 1.2 сая сонгогч оролцсон сунгаанаас 823.326 мянган иргэний итгэл хүлээж, 66.7 хувиар ялалт авсан У.Хүрэлсүхийн багийнхан болон МАН-ынхан ялалтын хундагаа Тусгаар тогтнолын ордонд чимээгүйхэн тулгацгаалаа. Ерөөс болох ёстой зүйл болсон мэт. Хэрвээ өрсөлдөгч шиг өрсөлдөгчтэй байгаад 68 хувийн санал авсан бол өнөөдөр гол усаар нэг найрлаж, сошиал тэр чигээрээ У.Хүрэлсүхийн төлөө ханарч байх ёстойсон. Гэвч тийм зүйл болсонгүй. Ард түмэн ч болох ёстой зүйл болсон мэтээр хүлээн авч, сонгуулийн маргаашнаас эхлэн ажилдаа шуударч эхлэв. У.Хүрэлсүх бидэнд баялагтаа эзэн нь байх амлалт өгсөн. Энэ нь хөдөө орон нутгийн иргэдэд хамгийн таалагдсан уриа байсан нь яах аргагүй Салхитын мөнгөний ордоос ашиг хүртсэнтэй холбоотой.
Урьд өмнө нь хэзээ ч монголчууд баялгаасаа ашиг хүртэж, тэтгэврийн зээлээ тэглүүлж, тог цахилгааны мөнгөө төлөхгүй сууж, хүүхдүүд, томчуудгүй 100-300 мянган төгрөг гар дээрээ авч болдог гэж мэдэхгүй явж ирсэн. Тавантолгойн хувьцааг өчнөөн жил ярьснаас биш нэг л өглөө босоход тэтгэврийн зээлгүй болчихно гэж зүүдлээ ч үгүй.
Харин коронагаас шалтгаалсан хоёр жилийн хямралын хугацаанд Засгийн газар нь олгосон мөнгө бүхнээ “баялгаас ашиг хүртээсэн” гэх өгүүлбэртэй холбосноор энэ уриа монголчуудын тархинд маш ойрхон хүрч чадсан юм. Нэгэнт Х.Баттулга байхгүй учраас түүний хамтрагч байсан У.Хүрэлсүхийг сонгочихвол сайхан амьдруулах юм байна, уул уурхайгаасаа хишиг хүртээх юм байна гэсэн сэтгэл л хөдөө орон нутгийн иргэдийн саналыг хуйгаар нь цуглуулах шалтгаан болжээ. Муухайгаар хэлбэл, ард түмний ходоод хоосон байж болох ч гоёчилж тайлбарлавал Монголын ард түмэн баялагт нь эзэн суусан хэсэг бүлгийн дарангуйллаас залхаж буйгаа энэхүү сонголтоор илэрхийллээ.
Тиймээс У.Хүрэлсүх цаашдаа Оюутолгойг ашигтай болгох, Дубайн гэрээг цуцлах, хувь хүн бус хууль засагладаг төрийг бий болгох амлалтаа хэрэгжүүлэх л үлдэв. Өмнө хэлсэнчлэн, У.Хүрэлсүхийн тухайд энэ бол амтгүй ялалт. Нэг дүүрэгт ч ялалт байгуулаагүй хоёр сул өрсөлдөгчтэй байсан учраас тэр энэ хэмжээнд өндөр санал авсан гэдгээ өөрөө ч мэдэж байгаа. Хэрвээ Х.Баттулга, С.Ганбаатар, Н.Алтанхуяг гэсэн өөртэй нь эн тэнцүү өрсөлдөгчтэй байсан бол нэлээд чардайж ялалтад хүрэх байв. Гэхдээ тэр бол үндэсний хэмжээнд лидер болсноо мэдэрч буй нь дамжиггүй. Ард түмний энэ их итгэлийн араас ямархуу их хүлээлт ирдгийг өмнөх Ерөнхийлөгч нарын алдаа, онооноос суралцаж, цаашдаа тэр алдааг давтахгүй байх нь түүний гол ажил билээ. Ард түмэн таны захиалсан хөгжмийг улс төрийн хоёр намтай нийлэн тоглохыг зөвшөөрлөө. Харин тэр хөгжмийг тоглох гитарын тань хөг зөв байгаасай.
Эргэж сэхэх эцсийн боломж
Ардчилсан намаас нэр дэвшиж, улсын хэмжээнд ердөө 5.9 хувийн ялалт буюу 78.832 мянган иргэний санал авсан С.Эрдэний тал ч энэ ялагдлын дүндээ сэтгэл эмзэглэсэнгүй. Бүр цахимаар түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлнэ гэж саналаа өгсөн АН-ын гишүүдийнхээ саналын босгонд ч хүрсэнгүй. Гэтэл тэд далдын хар хүчтэй тулалдлаа гэсэн утгагүй тайлбар өгч, АН-ын ялагдал бүхэн эргэж нэгдэж, сэхэх их ялалтын өмнөх үр дүн байдаг хэмээн зөвтгөж байх ажээ. Арга ч үгүй. Ямар ч хүн ялагдлаа ялалтын эхлэл хэмээн сэтгэлээ тайтгаруулдаг зарчимтай.
Гэвч С.Эрдэний тухайд энэ бол эхний ялагдал огтхон ч биш билээ. 30 жилийн түүхтэй улс төрийн намыг хоёр удаагийн сонгуулиар үнэмлэхүй атлаа гутамшигтай ялагдалд хүргэчхээд их ялалт, эвлэрлийн эхлэл хэмээн тайлбарлаж сууж хэрхэвч болохгүй билээ. Тиймээс АН хэрвээ эргэж сэхэх ёстой юм бол энэ удаагийн ялагдал нь эцсийн боломж болж байна.
Улс төрийн хариуцлагатай сонгуулийн өмнө намаа хоёр хувааж, үнэмлэхүй ялалт авах нэр дэвшигчийн өмнө “боомилогдсон” түүний энэ үйлдэл АН-д гай л авчирсан уу гэхээс гавьяа лавтай байгуулсангүй. Хэрвээ энэ хүнд ардчиллаа хайрладаг, намаа хүндэлдэг, намын эгэл жирийн гишүүдээ өмгөөлдөг сэтгэл байгаа л бол улс төрийн замналдаа цэг тавьж, залуу үедээ зайгаа тавьж өгөх ганц л боломж үлдэв. Намын талцал хуваагдлаа эцэслэж, залуу үеийнхэн хүч түрэн орж ирэхээс өөр аргагүй болсныг Ерөнхийлөгчийн сонгуулийн энэхүү түүхэн гутамшигтай ялалт нотоллоо.
Ялагдсан хүнийг дэвслэх нь муухай монгол зан ч гэлээ явцуу эрх ашгийнхаа төлөө 30 жилийн түүхтэй улс төрийн намаараа туг тахиж, “бөгсөө” арчиж орхисон энэ үйлдэл нь хэзээ ч өмгөөлөх шалтгаан биш билээ. Эрх чөлөөний мэдрэмжтэй монголчууд ардчилалд хайртай хэвээр байгаа, тэднээс шинэ лидер хүлээж байна гэдгээ 70 гаруй мянган цагаан сонголтоор харуулав. Цоо шинэ залуу үеийг эрэлхийлж буйгаа 240 гаруй мянган иргэн Д.Энхбатад өгсөн үйлдлээрээ харуулав. Хатуухан хэлбэл, АН-ын суурь мэдрэмжтэй цөөнгүй хүмүүс нь аргаа барахдаа Д.Энхбатад өгсөн гэдгийг анхаарч, цаашдаа ардчиллын чиг баримжаатай улс төрийн намууд нэгдэж нийлэн явахгүй бол нэг нам дангаар төр барьдаг улс төрийн тогтолцоо Монголд бий болох эхлэлийг энэ удаагийн сонгууль тавьж өглөө.
Алтын дайтай мөнгө
Нэгхэн сарын өмнө нэр дэвшинэ гэдгээ мэдэж, сар ч хүрэхгүй хугацаанд өөрийгөө хэн гэдгийг таниулах гэж явсан Д.Энхбатын авсан 20.3 хувийн ялалт буюу 246.968 иргэний санал бол алтын дайтай мөнгөн медаль байлаа. Учир нь 30 жилийн түүхтэй АН-ын дэргэд ХҮН бол цоо шинэ улс төрийн хүчин. Улс төрийн тогтвортой байдал нь ч бүрдэж чадаагүй нам. Гэтэл цоо шинэ эхлэл ирснийг тэд 246 мянган иргэний саналаар улс төрд “тунхаглав”. Цаашдаа татан буугдсан МАХН-ын бий болгож чадаагүй гуравдагч хүчний орон зайг нөхөх улс төрийн нам болон төлөвшиж буйгаа тэд харуулав.
Тэр тусмаа МАН, АН-ын улстөрчдөд Улаанбаатар хотод нэр дэвших, ялах орон зай улам бүр л хумигдсаар байгааг Д.Энхбатын 246 мянган санал нотолж өглөө. Нийслэлийн есөн дүүрэгт Д.Энхбат дандаа хоёрдугаар байранд явсан бөгөөд нийт саналынхаа 80 гаруй хувийг хотоос цуглуулж чаджээ.
Хэрвээ Д.Энхбат 1-2 жилийн өмнөөс өрсөлдөх сууриа бэлтгэсэн бол, хэрвээ түүний дэмжигчид нь бид мундаг биднээс бусад нь оркууд гэсэн увайгүй зангаа татаж, жаахан жудагтай байсансан бол, хэрвээ нэр дэвшигч Д.Энхбат вакцинд итгэл үнэмшилтэй хандаж, ковидоор өвдөөгүй байсан бол, хэрвээ Т.Доржханд үндэсний үзэлтэй ард түмний эсрэг мэдээжийн үйлдэл гаргаж тэнэгтээгүй бол, хэрвээ...Маш олон шалтгааны улмаас түүний санал магадгүй 100 мянгаар ч хоргодсон байхыг ч үгүйсгэхгүй. Монголчуудын тархинд Харвардад боловсрол эзэмшсэн эдгээр хэдэн залуус шиг пүүзийг дээлтэй хослуулж өмсөж болдог, вакциныг сонголтоороо хийлгэж болдог, боловсролтой атлаа түүнийгээ ил гаргаж чадахгүй ч гэлээ англи хэлтэй, инженер хүнийг л сонгох ёстой гэсэн сигнал суучихсан бол арай өөр хэрэг л дээ.
Энэ сигнал суух хүртлээ дахиад ч 20 жилийн улс төр зарцуулагдах учраас тэд илүү хичээх шаардлагатай болж байна. Одоогоор монголчуудын ходоод хоосон байна. Тэд эдийн засгаас хэт хамааралтай сонголт хийж байгаа юм. Үүнийг арилгахын төлөө ажиллах учиртай гэж итгэсэн л юм бол цаашдаа нэг намын “хэвлэлийн төлөөлөгч”, халаасны хүний ажлаа хойш тавьж байгаад зоригтой ажиллаарай, ХҮН-ынхаан.
Эрх мэдэл, сүлжээ, мөнгө гурав дийлчихсэн энэ улс төрд зөв замаар явахыг хүсэж байгаа бол эхлээд тайван хүлээцтэй сонсох, бусдын сонголтыг хүндэтгэх, доромжлохоо өмнөө тавихгүй, нэг хэсэгт бус нийт массын төлөө улс төр хийж сурах ёстой гэдгийг ухаарах гурван жилийн хугацаа та бүхний өмнө байна. 2024 онд илүү хүчтэйгээр гарч ирээсэй гэсэн 246 мянган хүний итгэлийг хөсөрдүүлэхгүй байх даалгавар энэ сонгуулиар ирлээ. Бусад нь ч яах вэ жүжгийн дагуу л өрнөв. Гэхдээ жүжиг байсан ч гэлээ итгэхийг хүссэн энэ хүмүүсийн дэмжлэг юу юунаас чухал билээ.