Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайдууд мэдээлэл хийж байна. Тухайлбал, намрын ургац хураалттай холбоотой гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Өнөө жил манай улс харьцангуй сайн ургац хурааж авах нь ээ. Гэхдээ ургац хураалтад тулгамдаж байгаа асуудал нь авто замын эвдрэл.
Энэ жил хур их байснаас шалтгаалан улсын болон орон нутгийн чанартай замууд их эвдэрсэн. Энэ чиглэлээр Засгийн газрын шийдвэр гарлаа. Мөн ургацаа бүрэн хурааж авахад ажиллах хүчний боломж хэцүү байна. Тиймээс Засгийн газраас шийдвэр гаргаж Их дээд сургууль болон МСҮТ, цэргийн албан хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад дайчлах шийдвэр гаргалаа. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөдөлмөрийн гэрээ байгуулан цалинтай ажиллуулна” гэлээ.
Аж ахуйн нэгжүүд дунджаар 8000 орчим ажиллах хүчин хэрэгтэй байна гэсэн хүсэлт ирүүлсэн бөгөөд өдөрт 50 мянган төгрөгийн цалинтай ажиллуулна гэжээ. Энэ онд манай улс 616 мянган га талбайд үр тариа тарьжээ. Үүний 461.8 мянга га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал нийт 4.7 мянган га-д жимс жимсгэнэ тариалаад байгаа аж.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Наймдугаар сард цаг агаар хүйтрэх юм билээ. Үүнийг тооцсон уу?
-Аль болох бага хугацаанд ургац хураалтыг зохион байгуулна. Тиймээс иргэдийг уриалж байгаа юм. Ажил хайж байгаа, ажилгүй байгаа иргэн та ургац хураалтад яваад цалин авах, өрхийн ногооны хэрэгцээгээ хангаад ирээч ээ гэж уриалж байна. Мөн их дээд сургуулиудыг ч урилъя.
-Үнийг хямд байлгах чиглэлд ямар бодлого баримтлах бол. Нарийн ногооны хүрэлцээ хангамж нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн онд нарийн ногоогоор дотоодын хэрэгцээний 45 хувийг хангасан. Энэ жил 60 хувьд гэж тооцоолж байна. Ургац хураалтын эцсийн балансыг харна. Үнэ тогтоох нь Засгийн газрын ажил биш. Хамгийн гол нь тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй, үнэ цэнтэй байлгах үүднээс хадгалах хамгаалах чиглэлд бид анхаарна. Дархан-Сэлэнгийн бүс нутагт долоон сая еврогийн хөрөнгө оруулалтаар 8000 тонн хүнсний ногооны агуулах барина. Есдүгээр сараас ажил эхэлнэ.
...Мөн махны нөөцийн тухайд Засгийн газраас тогтоол гарсан бөгөөд махны үнийг тогтвортой барихын тулд дотоодын мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд нэмж гаргалаа. Гурван хувийн хүүтэй зээл байх юм гэв.