ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалан: Ард түмэн засаглах түүхийн хэлхээ үргэлжилж байна

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.09.15/ нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ  "Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлсийг тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдөр Монгол Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт тохиож байна.

Ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, олон ургалч үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийг ард иргэддээ сануулж, тэдний итгэл, хүсэл зорилгыг төлөөлөн сууж буй Улсын Их Хурлын гишүүддээ болон Монголын ард түмэндээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо Олон улсын ардчиллын өдрийн мэндийг хүргэе.

Энэ удаагийн намрын ээлжит чуулган хэд хэдэн онцлогтой эхэлж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэн 11 байсан Байнгын хорооны тоог цөөлж 8 болгосон. Ард түмнээс эхтэй парламент тэднийхээ дуу хоолойг байнга сонсож, нээлттэй, эргэх холбоотой байх стратеги бодлого биеллээ олох ёстой.

Иргэд, ААН-үүд төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн.

Хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай.

Монголын ирээдүй бол бидний үр хүүхдүүд. Гэтэл багшгүй, сургуульгүй, хоолгүй хүүхдүүдээс бид ирээдүйд юу хүлээх вэ. Багшийн хүрэлцээ, сургалтын чанар, ажлын таатай орчин, сургуулийн дэд бүтэц, үдийн хоолны хөтөлбөрийг нэгэн зэрэг, уялдаа холбоотойгоор шийдвэрлэх нь өнөөдрийн бидний үүрэг мөн.

Иргэдийн халааснаас гарах эрүүл мэндийн зардал нэмэгдэж амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцын тооцоололд шинжлэх ухаанч, мэргэжлийн хандлага нэвтрүүлэх, оновчтой төлөвлөх мэргэшсэн институцийг бий болгох, чанар, нэхэмжлэлийн хяналтын хараат бус тогтолцоог хөгжүүлэх, анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Хуулийг ерөнхийлөн боловсруулж, амин чухал асуудлыг нь журам руу “чулуудаж” байсан, товчхон хууль гаргах залхуу арга барил авлига, дур зоргыг цэцэглүүлж, амьдралд саад тотгор үүсгэж байна. Үүнийг цэгцлэхээр хаврын чуулганаар баталсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар журмын тоо цөөрч, хуульд тусгагдах ёстой боловч журамд орсон байгаа заалтууд цэгцэрнэ. Парламент хэм хэмжээ тогтоох эрхээ шилжүүлэх явдал ямар нэг зарчим, шалгуур, зохицуулалтгүй өрнөж байсан бол одоо хуулийн хязгаар, хүний эрхийн зарчимд нийцэж явагдах юм.

Энэ чуулганаас эхлэн төсвийн төслийг 5 үе шаттай шинэ дэгээр хэлэлцэнэ. Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье.

Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт үйлчилж, иргэд, сонгогчдынхоо итгэл хүндлэлийг биелүүлэхийн төлөө эрхэм гишүүд Та бүхэн эрдэм мэдлэг, арга туршлага, ур ухаанаа дайчлан хамтран ажиллаж, 2025 оны намрын чуулганы төлөвлөсөн ажлаа нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна" хэмээлээ.