ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шүүгч томилох эрх мэдэл нь хэвээр үлдсэн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-06

ЕТГ-ын дарга Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШЕЗ, ШСХ-ны шүүгч, мөн АТГ-ын даргыг томилдог эрх мэдлээсээ татгалзлаа. Өнгөрсөн 30 жил нэг хүний хараат байсан энэ асуудлыг цэгцэлснээр У.Хүрэлсүх “Хүн биш хууль засагладаг нийгмийг бий болгох, шударга ёсны шинэтгэлийг хийх эхлэлээ тавилаа”" хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ даруй У.Хүрэлсүх бол ард түмний баатар, тэр хэмжээ хязгааргүй эрх мэдлээс татгалзаж чадлаа гэх мессеж сошиал орчинд түгж эхлэв. Харамсалтай нь Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчид шүүгчийг томилох эрх мэдэл нь хэвээр үлдсэн. Гагцхүү Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороонд шүүгч бус хүмүүсийг томилохдоо хөндлөнгийн нөлөөлөл буюу Ерөнхийлөгчийн нөлөө ордог байсныг шинэ хуулиар үгүй болгож, УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилохоор болсныг ийнхүү буруугаар ойлгуулчихав.

Улмаар, энэхүү хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна хэмээн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандаж, Цэцийн шийдвэр ч "Үндсэн хуультай харшилджээ" хэмээн гараад байсан юм. Улмаар Дунд суудлын шийдвэрийг Их хурал хүлээж авахаас татгалзсаны дараа Цэц Их суудлаараа хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Надад эдгээр томилгоонд хөндлөнгийн нөлөө үзүүлээд байх шаардлага байхгүй” гэсэн шийдвэр гаргасныг ЕТГ-ынхан зориуд попруулж, олон нийтээс оноо авах үйлдэл болгосон нь тэр юм. Нөгөөтээгүүр, Авлигын эсрэг хуулиараа Ерөнхийлөгчид байсан АТГ-ын даргыг томилох эрх мэдлийг байхгүй болгосон бөгөөд Ерөнхий сайд нь санал болгосноор мөн л УИХ-аар томилгооны сонсгол хийж томилох хуультай юм. Гэтэл үүнийг мөн л өөрөө татгалзсан мэтээр ЕТГ-ын дарга Я.Содбаатар ойлгуулсан нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх шалтгаан болжээ. Энэхүү шийдвэртэй холбогдуулан хэн юу хэлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Шүүхийн хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгч “түтгэлзүүлсэн” өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, шударга ёсны хувьсгалыг хуулиар хийх, хувь хүн биш хууль засагладаг зарчмыг нутагшуулах улс төрийн манлайллаа дахин нотолсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танд талархлаа илэрхийлье. Хэвлэлээр явж байгаа нэг мэдээлэлд залруулга хийхэд, Шүүхийн шинэ хуулиар Ерөнхийлөгчийн бүх шатныг шүүгчдийг томилох бүрэн эрхийг хөндөөгүй. Тиймээс шүүгчдийг томилох эрхээсээ Ерөнхийлөгч татгалзах боломжгүй юм. Энэ нь Үндсэн хуульчлагдсан Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрх юм шүү.

Хуульч О.Мөнхсайхан:

-Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийн дагуу Шүүхийн тухай шинэ хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж томилох заалтууд нь Үндсэн хууль зөрчсөн гэх III дүгнэлтийг Цэц гаргасан, улмаар шүүхийн шинэчлэлийн гол хэсгийн хэрэгжилт түдгэлзээд бараг таван сар болж байна. Цэцийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41 дүгээр тогтоолыг УИХ 2021 оны тавдугаар сарын 06-нд гаргасан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзаж, үүгээрээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох, АТГ-ын дарга, дэд даргыг томилох зэрэг Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ. Энэ бол Үндсэн хуульдаа үнэнч байх тангаргаа сахисан, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжсэн чухал алхам болжээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

-Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэцэд өмнө гаргасан хүсэлтүүдээс татгалзсан явдал нь шүүхийн шинэтгэл дэмжсэн, өмнөх Ерөнхийлөгч нарын шүүхэд шууд нөлөөлөх зүй бус үйлдлээс татгалзах хүсэл зоригоо харуулсан чухал алхам боллоо. Шүүхийн хуулийн хэрэгжилт үргэлжлэх боломжтой боллоо. Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ  татгалзаагүй. Үндсэн хуулиар заагдсан томилох эрх нь хэвээр. УИХ шүүгчдийг томилох эрх байхгүй шүү. Гол нь өмнөх Ерөнхийлөгчийн ШЕЗ, ШСХ-нд өөрийн нөлөөллийг оруулах боломжоо хадгалах хүсэлтээс татгалзсан хэрэг. Түүнчлэн, АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болно гэсэн үг биш. УИХ-д Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд оруулж, томилгооны сонсгол хийж томилно.