Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.
Тодруулбал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хадлан тэжээл бэлтгэх, ургац хураах, зудын эрсдлийг тооцоолох зэрэг ажлыг зохион байгуулж байгаа аж. Хадлан тэжээл бэлтгэхэд 4.3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан болон хүнсний ногоо хураах техникийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлжээ.
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 1.3 сая тн өвс, 13 мянган тн ногоон тэжээл, 95.9 мянган тн үйлдвэрлэлийн тэжээл, 133 мянган тн хужир, шүү зэргийг бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажил 13 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг мөн дуулгалаа.
Тэрбээр, “Энэ жил хур бороо ихтэй байснаас эрт хүйтэрч малчид тариаланчид эрсдэл үүрэх нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа. 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтад бэлтгэн улсын хэмжээнд 20 мянган тн мах бэлтгэх зорилго тавьсан. Үүнд 17 орчим аж ахуйн нэгж оролцоно. Энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар олгохоор боллоо.
Мөн БНХАУ-ын тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мах, малын экспортыг нэмэгдүүлэхийн тулд Дорнод, Архангай, Булган, Ховд аймгуудад мал, мах боловсруулах үйлдвэр байгуулна. Үйлдвэрийн тухайд 10 га газар төлөвлөгдсөн бөгөөд өдөртөө 200 орчим бод, 1000 орчим бог малыг борлуулах хэмжээний хүчин чадалтай байхаар төлөвлөсөн” хэмээлээ. Үүнээс гадна өнөө жил ургац хураалтад 1600 орчим цэрэг, 113 оюутан, хөдөлмөрийн биржээс 1000 гаруй ажилтан гэрээ байгуулан ажиллаж байгаа гэв.
Т.Бямбажаргал