ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улстөржиж болохгүй зургаа дахь сэдэв ба халамж

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-16

Зочид буудлын бизнес эрхэлдэг нэгэн танилд маань ажиллах хүчин олдохгүй болсноос үүдэж, өөрөө нөхөртэйгөө хамт өрөөгөө цэвэрлэж, үүдэндээ жижүүрлэж байгаа талаар ярив. Хөл хорионы цаг үед ч цалингаа огт таслаагүй атал “ажилд авна” гэсэн зар тавиад нэг ч хүн ирэхгүй байгаагийн цаад учир нь хүүхдийн мөнгө нэмсэнтэй холбоотой байх хэмээн ярьж суулаа, тэр.

Манай танилтай адилхан олон хүн өнөөдөр ажлын зар тавиад ажиллах хүчин олж чадахгүй байгаагаа сошиал орчинд хуваалцаж байна. Түүнчлэн, ХХААХҮ-ийн яамнаас өдрийн 50 мянган төгрөгийн хөлстэй, ургац хураалтын ажилд хүмүүс бүртгэсэн ч Их дээд сургуулийн хэдэн оюутнаас өөр хүн ирээгүй талаар салбарын сайд нь ярьж байсан билээ. Аргаа барахдаа ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Ажилгүй атлаа ажил хийх гэж ирэхгүй байгаа хүмүүсийн хүнсний талоныг олгохгүй” хэмээн мэдэгдсэний дараа цөөн хэдэн хүн ургац хураалтын ажилд явахаар бүртгүүлжээ. Сайндаа ч биш хүнсний талоноосоо салахгүйн тулд тэр л дээ. Эдгээр хоёр жишээнээс бид нэг л зүйлийг ойлгож болно. Монголд ажилгүйдэл нүүрлээгүй юм байна. Эсрэгээрээ ажил хийх хүсэл сонирхол байхгүй болтлоо төрдөө эрхэлж, халамжаар угжуулсныг харж болох нь ээ.

Тухайлбал, нэн ядуу гэх тодорхойлолт гаргуулсан иргэн Дорж дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байлаа гэж бодъё. Иргэн Доржийн дөрвөн хүүхдэд зориулаад төрөөс 400 мянган төгрөг, нэмээд нэн ядуу учраас хүнсний талон сард өгчихөж байна. Тэд тог, цахилгааны мөнгө төлөхгүй. Шахмал түлшээ бараг л үнэгүй авчихаж байгаа. Эхнэр нь хэрвээ нялх хүүхэдтэй бол цалинтай ээжийн тэтгэмж авчихна. Ингээд Доржийнх сардаа 500-600 мянган төгрөгийн орлоготой гэсэн үг.

Энэ тохиолдолд сарын 600 мянган төгрөгийн цалинтай үйлчлэгч, тогоочийн ажилд очих шаардлага байхгүй. Нэмээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамж зэргээр тооцвол дундаж ам бүлтэй айл сардаа 1.000.000 төгрөгийн халамж төрөөс авчихаад амьдарч байгаа юм. Тиймээс л ажил хийх хүсэлгүй, ажиллах бус халамжлуулах сонирхолтой бүтэн нэг үе бий болчихоод байгаа юм. Үүнийг сэтгэл хөөрлөөр, эсвэл хэн нэг дарга сэтэртэн таамагласан хэрэг огт биш л дээ.

Тухайлбал, одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд 585 тэрбумаар хэмжигдэж байсан Нийгмийн халамжийн сангийн зардал жил ирэх тусам, 100, 100 тэрбумаар нэмэгдэж явсаар 2021 оны байдлаар 2.9 их наядад хүрчээ. Үүний 50 хувийг нь буюу 1.4 их наядыг нь хүүхдийн мөнгө дангаараа эзэлж байна.

Харин нэн ядуу өрхөд гэх атлаа гаднаа гурван машинтай айлд очиж байсан хүнсний талонд жилдээ 33.7 тэрбумыг зарцуулж байна. Монголын нийт хүн амын 80 хувь нь төрөөс ямар нэг байдлаар халамж хүртдэг бөгөөд Монгол Улс төсвийнхөө 30 хувийг халамжид зарцуулж байгаа юм. Эдгээр тоо баримт цагаан дээр хараар бичигдсэн гашуун үнэн учраас цаашдаа энэ хэвээр явах уу, эс явах уу гэдгээ шийдэх цаг ирээд байгаа юм. Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хэлээд байгаачлан халамжаас хөдөлмөрт шилжсэн улс болох зорилго тавьж, хүүхдийн мөнгөө хүүхдэд нь зориулдаг нийгмийг хүссэн ч эс хүссэн ч бий болгохоос аргагүй болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бидэнд улстөржиж болохгүй хэдхэн сэдэв бий хэмээн төмөр зам, сумын хөгжил, говийг эзэнтэй болгох гэсэн таван сэдвийг нэрлэсэн байдаг. Тэгвэл эдгээр дээр нэмээд зургаа дахь сэдэв бол халамж. Халамжаар бид улстөржих тусмаа ажилгүй, амьдралгүй, идэвхгүй амьдардаг армийг улам бүр тэжээж, тэтгэсээр байх учраас хүүхдийн мөнгөөс савраа тат, тэтгэвэр тэтгэмжээ нэм гэсэн жагсаал цуглаан, улс төрийн оноо авах гэсэн үйлдэл огтхон ч хэрэггүй шүү. Хүүхдийн мөнгөөрөө амьдралаа залгуулдаг өрх айл олон хэмээн өмөлзөх, өмгөөлөх хүн гарч ирэх л байх. Эхнээсээ ч гараад эхэлчихсэн жагсаал хийнэ хэмээн "сагсалзаж" байна, тэд.

Гэвч цар тахлын үед нэмсэн 100 мянгаас өмнө тэд хэрхэн, яаж амьдарч байв. Цахилгаан, дулааны мөнгө тэглээгүй үед тэд олсон мөнгөө хэрхэн зарцуулж байв гэдгийг бодож үзье. Учир нь тэд гараа хөдөлгөдөг байсан юм.

Харин цар тахалтай цаг үе ирж, халамжийн бодлого тэлсэн даруйд яг л танилын маань зочид буудлаас нэг ч үг хэлэхгүй гарч одсон шигээ олон ч баялаг бүтээгчдийг орхиод тэд гэртээ сууцгааж, төрийн халамжаар амьдралаа болгож, илүү гарснаар нь архидан согтуурч, хүчирхийлэл үйлдэж буй нь нууц биш.

Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гэгчээр хүүхдийн мөнгөө хадгаламждаа хийнэ үү, хийхгүй байна уу тэр нь ардчилсан нийгэмд амьдарч буй хувь хүний эрх гэдэг нь тодорхой. Төр үүнд ч хэтэрхий оролцож, хуулиар хүчээр далайлгаж байгааг буруутгах нь зөв ч гэлээ халамжаас хөдөлмөрт шилжихийн тулд тодорхой хэмжээд төмөр нүүрээ харуулахаас өөр аргагүй болсныг та бид хамтдаа дээрх хэдхэн тоо баримтаас харлаа. Улсын төсвийнхөө 30 хувийг халамжид бус бүтээн байгуулалт, үйлдвэр, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулдагсан бол хэчнээн гоёхон.

Тиймээс л энэ сэдвээр улстөржихгүй, эсрэгээрээ 2022 оны улсын төсвөө эрс шинэчилж, халамжийн бодлогоос хөдөлмөрийн бодлогод шилжиж, амаа биш гараа хөдөлгөмөөр байна, монголчууд аа. Төр ч гэсэн нэгэнт бүх зүйлээ хааж боогоод халамжаар амьдруулаад байж чадахгүйгээс хойш нэмсэн, чөлөөлсөн халамжаа зогсоож, цаашдаа аж ахуйн нэгжүүдийнхээ ажлыг нь хэвийн явуулж, ажлын байр олноор бий болгож, ажиллах хүчнийг бэлтгэн цар тахлын хүнд хэцүү үеэс эдийн засгаа, иргэдээ нэн яаралтай татаж гарах хэрэгтэй байна. Үүний тулд вакцинжуулалтын хурдаа нэмж, энгийн амьдрал руу илүү хурдтай урагшилмаар байна даа.