ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Рио Тинтогоос зардал хэтрэлтээ тайлбарласан захидал ирүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-30

Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг шалгах, Монголын талын авах ашгийг нааштай болгох, Оюутолгойн зардал хэтэрсэн зэрэг асуудлыг шалгах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхөөс татгалзах чиглэл барьж эхэлжээ.

Учир нь ажлын хэсэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй компанийн зүгээс хэлэлцээрийн ширээний ард яригдсан бүхнийг олон нийтэд ил тод детальчилж ярих нь хэлэлцээрийг үр ашиггүй болгох магадлалыг нэмнэ гэж үзсэн учраас шаардлагатай асуудлаар л мэдээлэл хий гэсэн чиглэл өгсөн аж. Харин хоёр талаас байгуулагдсан ажлын хэсэг долоо хоногт нэг сэдвээр ярилцаж, шийдэлд хүрч байхаар шийдсэн гэлээ.

Тухайлбал, энэ долоо хоногт Оюутолгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нүүрсээр галлаж ажилладаг цахилгаан станц барих гэрээний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хэлэлцжээ. Харин өнгөрсөн долоо хоногт нөөцийн тодотгосон тайланг Уул, уурхай эрдэс баялгийн зөвлөл хэлэлцэн баталсан байна. Тэгвэл Лондонгийн Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан бөгөөд татварын маргаантай холбогдуулан Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлийг ирэх аравдугаар сард хэлэлцэх юм байна. Мөн хариуцагчаар “Рио Тинто” болон “Туркойз Хилл”-ийг татан оролцуулах эсэх асуудлыг ч мөн энэхүү хурлаар хэлэлцэхээр болжээ.

Зардлын хэтрэлт нь “Рио Тинто”-гийн менежментийн багийн хэлж байгаачлан геотехникийн хүндрэлээс болоогүй байгаа талаар дүгнэлтийг хөндлөнгийн аудитын байгууллага гаргасныг уншигч та санаж буй биз. Тэгвэл зардлын хэтрэлттэй холбоотой тайлбар захидлыг Рио тинтогийн зүгээс гурав хоногийн өмнө манай улсад ирүүлжээ.

Үүнийг өнөөдөр Засгийн газрын дэргэдэх ажлын хэсэг Рио Тинтог оролцуулан хэлэлцэх ба тайлбар хангалтгүй гэж үзвэл нөгөө талд буцаах юм байна. Харин өчигдөр /09.29/ Оюутолгойн ТУЗ хуралджээ. Тус хуралд Монголын тал буюу 34 хувийг төлөөлж З.Ган-Очир, Э.Баясгалан, Н.Баганбанди нар оролцож, далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд 2021 оны төгсгөлд зарцуулагдах зардлыг батлах асуудлыг хэлэлцсэн юм байна.