Ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос эхэлсэн зах зээлийн хямрал, шуурганы дараахан монголчууд нийтээрээ ямар нэг аргаар мөнгөтэй болох эсвэл ажилтай болох “их дайнд” мордсон. Эцэг эхийн олж цуглуулсан мөнгө, идэр залуу насны аагаа ашиглаж чадсан нь ганзагын наймаанд явж, харин бууриа сахиж үлдсэн хэсэг нь амар хялбар аргаар ч болтугай мөнгө олох гэж улайрч байлаа. Тэрхүү сэтгэхүйг нь овжин ашиглаж чадсан хүмүүс бол шар сонины эзэд. Азын сугалаатай, мөнгөн урамшуулалтай гэсэн сонинууд ар араасаа хэвлэгдэж, монголчууд ч азанд найдан авдаг цалингаа илүүчлэн захиалдаг байв.
Мөн хонжворт сугалаа, тохирол ч телевизийн эфир дүүргэж байсан гэдэг. Үр дүнд нь монголчууд бус цөөхөн хэдхэн шар сонин, телевиз, сугалааны эзэд хэмжээлшгүй баяжсан. Амар хялбараар мөнгө олох гэсэн хийрхэл нь 2000 оны өвлийн их зудны дараагаар дахин идэвхжиж, Хадгаламж зээлийн хоршоо руу үлдсэн мөнгөө барьж гүйхэд хүргэсэн.
Өөрөөр хэлбэл, 2002 онд УИХ-аас Хоршооны тухай хууль батлахдаа “Хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулна” гэсэн ерөнхийлсөн зүйл анги нэмснээс үүдэн маш олон ХЗХ-д хаалгаа нээсэн билээ. Ингэснээр “Глоб кредит”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” зэрэг хоршоод ар араасаа байгуулагдаж, нэг нь гэхэд л 1000 гаруй иргэнээс 10 гаруй тэрбумыг “өсгөөд буцааж өгнө өө” хэмээн цуглуулсан ч өөрийн хөрөнгөө арвижуулж, өрөөлийг харин хохироосон жишээ олон бий.
Тэр ч байтугай 10 мянган төгрөгөөр хадгаламжийн данс нээлгэчихвэл эргээд энэхүү мөнгийг чинь хэдэн зуун сая болгож өгнө гэж залилсан жишээ ч олон байгаа. Харамсалтай нь 2006 оноос эдгээр ХЗХ-д шил, шилээ даран дампуурлаа зарласан билээ. Их хэмжээний мөнгөө бусдад залилуулсан иргэд тухайн үед МАХН /МАН/-ын шатсан байрны гадна суулт хийж, өлсгөлөн зарласан ч нийт хохирсон иргэдийн ердөө 50 орчим хувь нь хохирлоо барагдуулж чадсан гэдэг. Эндээс болж олон ч гэр бүл салж сарниж, архинд толгойгоо мэдүүлж, зарим нь амьдрахын эрхэнд хилийн дээс алхаж байсан гашуун түүхтэй.
Золоор 2009 оноос Оюутолгойн ил уурхайн олборлолтын гэрээ эхэлж, гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр монголчуудын амьдралд бага ч гэсэн өөрчлөлт гарч, дэмий суугаад мөнгө олох боломжгүйг ойлгож хөдөлмөрлөж эхэлсэн юм. Гэвч бидний тархинд зүгээр сууж байгаад мөнгөө хүүлчихнэ, мөнгө олчихож болно гэсэн сэтгэхүй байсаар байгааг гадны жижиг буурай улс орнуудад ихэвчлэн ажилладаг сүлжээний компаниуд ч олж харж, байсхийгээд л дуулиан шуугиан үүсгэчихдэг байлаа. Тухайлбал, “Жи тайм” гэх сүлжээ 2016 оноос эхлэн эрчимтэй яригдаж, 3 сая төгрөгөөр элсэж орсон бол гурван хүний дараа түүнийгээ 10 сая болгож авна гэсэн тархи угаалт явж эхэлсэн.
Казахстаны нэг иргэнд л хэдэн мянгаараа хулхидуулж, байраа барьцаалж, цалингийн зээл авч, зарим нь малаа зарж мөнгөө өгсөн ч дахиад л хулхидуулчихав. Зохион байгуулсан хэдхэн хүн нь хил дамжин зугтаж, казах иргэнд итгэж толгой хэсэгт нь мөнгөө байршуулж орсон хэдхэн хүүхнүүд тэрбум, тэрбумын өр зээлийн төлбөрт холбогдож, эхнээсээ шүүхийн хаалга татжээ.
Тэгвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа хөрөнгө оруулалтаа зогсоож, ажлын байраа алдаж, хямралд орсон монголчууд дахин азын сугалаанд найдаж, хийсвэр орчноос мөнгө олоод хялбар амьдарчихна гэсэн мунхаглалдаа живж эхлэв. Энэ нь ар араасаа нээлтээ хийж буй криптовалют буюу койн. Өнөөдрийн байдлаар таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч платформ буюу бирж дээр долоон төрлийн койн арилжаалагдаж, 2 их наядын хөрөнгө оруулалт татчихаад байна.
Ard, INC зэргээр нэрлэж болно. Үүнээс гадна тун удахгүй Ger, Zes, Corex, NTC, Mongol NFT, MONT зэрэг койнууд хэзээ мөдгүй виртуал бирж дээр захиалгаа авч эхлэхээр бэлтгэлээ хангаж байх ажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ талаар тухайлсан хууль эрхзүйн орчин байхгүйгээс иргэд эхнээсээ олон зуун сая төгрөгөө алдаж, өрөнд орж, байр машинаа хүртэл алдаж байгаа.
УИХ нь “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр долоон төрлийн койн арилжаалагдаж, араас нь хэдэн арван койны сураг дуулдаж эхэлсэн цаг үед л арайхийн дуугарч Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Ингэхдээ хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал “Койнд ямар ч баталгаа байхгүй. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос сануулга өгсөөр байгаа. Байр, машинаа зарж койн битгий ав. Ах дүүгээ битгий дагуулж ор. Маш эрсдэлтэй” хэмээн сануулга өгчээ.
Мөн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар ямар ч төрлийн криптовалют болон койныг төлбөр тооцоонд ашиглахгүй. Ашигласан тохиолдолд холбогдох хуулийн дагуу аж ахуйн нэгжтэй хариуцлага ярина” хэмээн мэдэгдлээ. Энэ тохиолдолд ар араасаа гарч буй койнууд эдийн засгийн эргэлтэд орох ямар ч боломжгүй гэсэн үг. Нөгөөтээгүүр, зах зээлд гарчихсан байгаа хоёр их наядын койн ч эрсдэлтэй буюу эргэж унах нөхцөл байдлыг үүсгэчихлээ. Төр ниргэсэн хойно нь дуугарч, хуулийн төслөө дуншуулж эхэлсэн ч хоёр их наядын хөрөнгө эрсдэл дунд байна.
Нөгөөх л та “10 мянгаар хувьцаа авчих, бид таны мөнгийг дэлхийн зах зээлд эс бөгөөс дотоодод эргэлдүүлээд буцааж өгнө” гэдэг ХЗХ-ны түүхийг давтахгүй гэх баталгаа алга. Нэгхэн өдрийн дотор монголчууд 18 тэрбумаар койн буюу хийсвэр мөнгө худалдаж авах захиалга өгч байх юм. Энэ бол эдийн засгийн хямрал, сэтгэхүйн хоосрол, аргаа ядсандаа амьдрах гэж арга сүвэгчилж буй монголчуудын эцсийн арга. Арилжааны телевизээр дүүрэн сугалааны нэвтрүүлэг цацагдаж эхэлснийг харвал яах аргагүй бид урагшаа бус хойшоо ухарсныг харуулж байх ажээ. Эцэст нь С.Жавхлангийн хажууд криптовалют, койнд мөнгөө, байраа, машинаа, малаа алдсан монголчууд жагсаж, Тусгаар тогтнолын ордны гадна өлсгөлөн зарладаг түүх давтагдах вий. Хуулиа хурдан баталж, хяналтаа хийхгүй л бол хүлээлгэх хариуцлагагүй энэ талбарт хэдхэн хүн хэмжээлшгүй баяжиж, хэдэн мянган монголчууд дахиад л өр төлбөрт унах эрсдэл ойрхон байна, улстөрчид өө. Эцэст нь хэлэхэд, үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг юм шүү, монголчууд аа. Таны өгсөн мөнгөнөөс төр нэг ч төгрөгийн ашиг авахгүй, харин койны эзэд л ашигтай ажиллана. Тиймдээ ч улстөрчид, Монголбанк нь арьсаа хамгаалаад мэдэгдэл хийчихлээ. Тийм учраас та хохирлоо өөрөө л хариуцна. Жагсаж, өлсөж тэмцээд ч үр дүнд хүрэхгүйг мөн сануулчихъя.