Монголын хамгийн олон үйлчлүүлэгчтэй, нийт малын 50-60 хувийг барьцаалсан "ХААН" банкны 60 хувийг эзэмшигч Хидео Савада /41.3 хувийг “Савада Хольдингс” компаниар, 9.1 хувийг нь охин компаниар дамжуулан эзэмшдэг/ хувьцаагаа зарах тухай мэдээлэл 2019 онд цухасхан яригдсан ч асуудал тэгсхийгээд намжсан билээ. Намжсан гэхээс илүү цар тахлын дуулиан шуугиан дундуур мартагдаж, олны анхаарлын гадна үлдсэн ч ордон тойрсон улстөрчид, тэднийг худалдаж авсан бүлэглэлүүдийн тухайд энэ сэдэв цаг ямагт анхаарлын төвд байсаар ирсэн байдаг. Тиймдээ ч өнгөрөгч долоо хоногт УИХ-аар Мөнгөний бодлогыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар асуудлыг УИХ-ын түвшинд сөхөж тавьснаар эргээд олны анхаарлын төвд орж ирэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “ХААН банкны 60 хувийг Худалдаа хөгжлийн банкны эцсийн хувьцаа эзэмшигч худалдаж авах гэж байгаа нь үнэн үү. Нэг банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг хориглоно гэсэн хуулийн заалт үйлчлэхгүй юу. Энэ хувьцааг худалдан авч буй мөнгө хаанаас эх үүсвэртэй болохыг шалгах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Хариуд нь Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ХХБ-ны хувьцаа эзэмшигч ХААН банкны хувьцааг эзэмшсэн асуудал байхгүй. Хуулиараа хориотой байгаа” гэх мэдээллийг өгсөн билээ. Эндээс л маргаан эхэлж, Их эзэн Чингис хааны амралтын өдөртэй нийлээд амралтын гурван өдөр хоёр талд маргаан үргэлжилж, таамаг хөврөв.
ХХБ-ны эцсийн хувьцаа эзэмшигч буюу “Сахал” Д.Эрдэнэбилэг энэ наймаанд ямар үүрэгтэй оролцож буй, Ч.Хүрэлбаатар “ХААН” банкны 60 хувийн асуудлыг сөхсөний дараа “Увсынхныг бүгдийг нь ална” хэмээн агсам тавьсан Аса аваргын үүрэг оролцоо, ах нь буюу Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын оролцоо байсан уу гэх мэтээр олон таамаг өрнөв. 2019 онд ч энэ асуудал сөхөгдөж эхлэхэд Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар худалдаж авахаар тохироо хийжээ гэх мэдээлэл сөхөгдөөд намжиж байв. Тэгвэл ойрын өдрүүдэд энэхүү 60 хувиас үүдэн “Таванбогд” бүлэглэл ба Д.Эрдэнэбилэг тэргүүтэй банкны салбарын бүлэглэл хооронд зөрчилдөөн үүсээд байна.
Д.Эрдэнэбилэг ба “Мета капитал” ХХК-ий хамтрал
Япон улсдаа эдийн засаг, санхүү удирдлагын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Мета капитал” ХХК болон тус компаний 0.01 хувийн хувьцааг эзэмшдэг “Упсилон” ХХН-ийн тухайд 2021 оны долдугаар сард ХААН банкны 60 хувийг эзэмших тендерт оролцон, шалгарсан гэх мэдээллийг “Eguur.mn” сайтад тавигдсан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн гарын үсэг бүхий албан бичгээс харж болно. Тодруулбал, Б.Лхагвасүрэн нь 2021 оны долдугаар сарын 26-нд тус компанид илгээсэн албан бичигтээ “Хувьцаа худалдан авах тендертэй холбоотой танайхаас ирүүлсэн материалуудыг бид хянаж үзээд, холбогдох хуулийн заалтыг хангасан гэж үзэн татгалзах зүйлгүй байгааг үүгээр мэдэгдэж байна” хэмээжээ. Гэвч 2021 оны аравдугаар сард Монголбанкнаас ХААН банк руу дахиад илгээсэн албан бичигтээ “Мета капитал” ХХК нь 2014 онд ХХБ-ны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээлэл авлаа. Энэ тохиолдолд Банкны тухай хуулийн 36.15 дахь хэсгийг зөрчинө. Хэрвээ хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл баталгаажсан тохиолдолд аливаа зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн албан бичгээ явуулжээ. “Юнайтедбэнкинг корпорэйшн” нь "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хүү Э.Тулгын эзэмшлийн компани бөгөөд ХХБ-ны хувьцаа эзэмшигч аж.
Эндээс харвал, Д.Эрдэнэбилэг нь өөрийнхөө хүүгийн эзэмшлийн “Юнайтедбэнкинг корпорэйшн”-иар дамжуулан Япон эзэнтэй гэх “Мета капитал”-ийг ХААН банкны 60 хувийг худалдан авах тендерт оролцуулж, өөрийн эзэмшлээр бус өрөөлийн эзэмшил мэт харагдуулах арга хэрэглэсэн ч бүтэлгүйтсэн нь Төв банкнаас сүүлд явуулсан албан бичгээс харагдаж байна. Харин энэ бүхний дараа Аса аварга ба Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаар дамжуулан худалдан авах оролдлого хийсэн ч дахин бүтэлгүйтжээ гэх мэдээлэл яригдаж эхэллээ.
Ч.Хүрэлбаатарын баатарлаг мэдэгдэл ба “Таванбогд” группын хамтрал
Хөшигний ард жил гаруйн хугацаанд явсан асуудал гэнэтхэн нэг л өдөр хэвлэл мэдээллийн онцлох хуудсыг бүчиж, твиттер хуудасны онцлох сэдэв болж, сошиалд бүүсттэй материал цацагдах хүртлээ анхааралд орсон нь зүгээр ч нэг тохиол биш юм. Ч.Хүрэлбаатарын тухайд ч санамсаргүй энэ талаарх сэдвийг амнаасаа унагаагүй нь тодорхой билээ. Тодруулбал, чуулганы танхимд энэ талаар зориуд үг унагаж, асуудлыг анхаарлын төвд оруулах гэсэн нь тодорхой байгаа юм. Тэгвэл Ч.Хүрэлбаатарын энэхүү мэдэгдлийн ард хэний ашиг сонирхол байсныг livetv.mn сайт өнөөдөр хөндөж гаргалаа. Тодруулбал, Ч.Хүрэлбаатарын Сангийн сайд байхдаа буюу 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 11/386 дугаартай Хидео Савадад хаягласан албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар зэхэж буй гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. Банкны системд нөлөө бүхий ХААН банк шиг хүчтэй банк нь ил тод, хүчтэй хамгийн чадварлаг хувьцаа эзэмшигчийн гарт байх нь манай улсын үндэсний эрх ашиг мөн гэдгийг та мэдээж ойлгож байгаа. ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна” хэмээжээ.
Мөн Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авахыг хүсвэл над руу биечлэн хандаж болно гэх мэтээр бичсэн гэх мэдээллийг дэлгэж тавилаа. Хэрвээ энэхүү албан бичиг үнэн бол Засгийн газрын нэрийг барьж нэг компанид давуу байдал олгохыг хүссэн, улмаар эрх ашгийн зөрчил гаргасан үйлдэл болох билээ. “Таванбогд” групп нь ХААН банкны 36.28 хувийг эзэмшдэг бөгөөд тус группын захирал Ц.Баатарсайхан, гэргий Д.Хулангийн хамт эзэмшдэг. Нөгөөтээгүүр, “Таванбогд” групп нь Японы компанид давуу эрх олгосон хэмээн Монголбанкийг шүүхэд өгсөн гэх асуудал яригдаж байгаа зэргээс харвал 60 хувьд эзэн суух гэсэн бүлэглэл хоорондын зодоон яг одоо үргэлжилж байна. Япон компаниар халхавчилсан “Сахал” Д.Эрдэнэбилэг үү, Ч.Хүрэлбаатарыг "шатрын хүү" болгосон Ц.Баатарсайхан уу гэх тулаан сошиалыг хэвлэл мэдээлэлтэй нь базчихсан, зай завсаргүй контентоор нүдсэн байдлаар үргэлжилж байх ажээ. Энэ тулаанд хэн илүү танилтай, нөлөөтэй нь ялах биз ээ.