ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацааг  дууссан гэж үзэж буй.

 Улмаар  оронд нь томилох эрхмийг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хамгийн олон санал авсан хүнийг  АТГ-ын даргаар  томилуулах саналаа  өнгөрсөн баасан гарагт УИХ-д  хүргүүлсэн  юм.

Тэгвэл уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд, хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзжээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно' гэсэн байдаг. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл,  нөхөн томилогдсон ч тухайн өдрөөс хойш зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санааг хуульд тусгажээ. УИХ дахь МАН-ын бүлэг  үүнээс  өөр асуудал хэлэлцээгүй байна.