ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Батнайрамдал: Шатахууны үнийн өсөлтөд төр оролцохгүй, импортлогчид дураараа үнээ нэмэхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-22

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалын тэргүүлдэг Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр хуралдаж, шатахууны үнийг хүчээр барихгүй цаашид чөлөөлнө гэсэн мэдээлэл сошиал орчинд явсан. Тэгвэл тус зөвлөл хуралдаж, цаашид шатахууны үнийг төр хүчээр барих эсэх асуудлаар Дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Шатахууны үнийн зөвлөлөөс өнөөдөр үнийн зааг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Өргөн хэрэглээний АИ92 автобензиний хангамж нөөцийг Засгийн газрын холбогдох тогтоолд заасан хэмжээнд бүрдүүлж, тус бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх бодлого баримтлан ажиллана.

Өргөн хэрэглээний шатахууны үнийг цаашдаа зах зээлийн горим руу шилжүүлэх асуудал ОУВС-гийн зөвлөмжид ч туссан байдаг. Сайн жишиг буюу автомат үнийн тооцоолол руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, зургаан сарын дундаж өртгөөр үнээ тооцоолж бодно. Төр ямар нэг байдлаар оролцохгүй гэсэн үг. Үнийн өсөлт бууралтаас шалтгаалан өсөх, нэмэгдэх эсэх нь шийднэ. Үнийн зааг тогтоосноор нэг удаад гэнэтхэн огцом өсөхгүй. Нэг удаад 100 төгрөгөөс хэтэрч нэмэгдэхгүй. Нэг удаагийн үнийн өсөлт нь тухайн бүтээгдэхүүний үнийн 5 хувиас хэтрэхгүй гэхээр литр шатахууны үнийг 2050 төгрөгөөр бодоод үзвэл нэг удаад 100 төгрөгөөс өсөж, буурахгүй юм. Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ92 болон дизель түлшний үнэ 2021 онд 59-71 хувийн өсөлттэй байгаа. Зах зээл дээр зарагдаж байгаа үнэ нь үүнтэйгээ уялдаад явчихна. Зургаан сардаа хувааж өгснөөр нэг удаагийн огцом өсөлтөөс илүү аажмаар бодогдох зарчим руу шилжиж байна.

Засгийн газрын аравдугаар сарын 06-нд гарсан 311-р тогтоол байгаа. Тэр тогтоолоор тухайн үедээ үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 30-45 хоног болгосон. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд 45 хоногийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээж байна гэсэн үг. Нөөц бүрдүүлэхэд мэдээж санхүү хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд дангаараа чадахгүй учраас Монголбанктай хамтраад хямд эх үүсвэрээр санхүүжилт гаргах зөвлөмжийг өнөөдрийн Шатахууны үнийн зөвлөлийн хурлаар гаргалаа.

Хэн нэгэн өнөөдөр шууд дураараа 100-400 төгрөгөөр өсгөхгүй. Зургаан сарын үнийн дунджаар бодогдоод явна. Өнөөдрийн прогнозоор бол нэг удаагийн өсөлт 100 төгрөгөөс хэтрэхгүй. 100 бол дээд талын тааз. 20-99 төгрөгөөр л нэг удаад нэмнэ ээ гэсэн үг. Аж ахуйн нэгжүүд дураар бус гаднаас орж ирсэн өртөгийг зургаан сарын дунджаар харьцуулж л нэмнэ гэсэн үг.

Бусад шатахууны үнэ зах зээлийн зарчмаараа явна. Бид дундаас нь үнэ зохицуулаад байх боломжгүй. Арваннэгдүгээр сард ОХУ-аас 48.540 тонн, БНХАУ-аас 14.520 тонн АИ92 татан авахаар баталгаажуулсан. Хангамж хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 12-13 хоногийн нөөцтэй явж байна. ОХУ-ын Ангарскийн үйлдвэр бол эхлээд шатахуунаа өгөөд дараа нь буюу 60-90 хоногийн дараа төлбөрөө хийдэг уян хатан нөхцөлтэй учраас манай аж ахуйн нэгжүүдийн тухайд боломж бий болгодог. Харин урд хөрш буюу “Петро Чайна”-гийн тухайд төлбөрөө эхэлж аваад шатахуун нийлүүлдэг" гэлээ.