Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг Засгийн газарт танилцуулж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр байгаа бөгөөд үүнээс 15 үйлдвэр нь дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй. Ковидын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоосон байсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-наас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн.
Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн дотоодод зарагдсан, Улаанбаатар хот руу орсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан “Ковидын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн хяналт шалгалтаар дарамт шахалт үзүүлэхгүй байх үүднээс төлөвлөгөөт шалгалтыг зогсоох хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнс, барилга дэд бүтэц, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг төрийн хяналтаас гадуур орхиж хэрхэвч болохгүй. Мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр улсын хэмжээнд 170 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдийг эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна. Эмээлт дэх зарим аж ахуйн нэгжүүд хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрт ил тод, нээлттэй өгч байх болно” хэмээсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг болох хүнсний асуудал, хүнсний эрүүл ахуйн шаардлага, норм стандартыг мөрдүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч, иргэд олон нийтийн давхар хяналтын дор мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандартын асуудлыг цэгцлэхээр ажиллаж буйг тэрбээр мөн онцолсон.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй мах дотоодын зах зээлд нийлүүлэгдээгүй. Тухайлбал, нөөцийн махыг дотоодын 23 аж ахуйн нэгж бэлтгэдэг. Нөөцийн мах бэлтгэгчид эрүүл ахуйн чанарын стандартыг сайтар баримталдаг. Махны эскпортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” хэмээн ярилаа.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулвал:
1.Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 31 ААН-ийн 16-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байна.
2. Дулааны аргаар мах үйлдвэрлэх, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 01 хүртэл зогсоож байна.
3.Мал төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцын стандартыг шинээр баталлаа.
4.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттайгаар Улаанбаатараас нүүлгэн шилжүүлж, үйлдвэрлэлийн нэгдсэн паркийг зохион байгуулна.
5. Хяналт шалгалтыг хангалттай хийгээгүй Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, МХЕГ, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн ХХААХҮЯ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцно.
6. Үндэсний хэмжээний бие даасан лабораторийн тогтолцоог бий болгоно.