ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: Газрын авлигын өртгийг шингээгээд өндөр өртөгтэй орон сууцууд баригдаж байна

O.Admin
2022-11-07

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцжээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн сард УИХ, Засгийн газраас газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Бид 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт газрын харилцааг багцаар нь өвч үзнэ, шинэтгэл хийнэ гэдэг том зорилт тавьсан. Газрын тухай таван хууль байгаа. Тухайлбал, Газрын тухай ерөнхий хууль, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастрын тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийг өргөн барьсан. МАН-ын бүлэг эдгээр хуулийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Гэхдээ цаашид уг хуулийг хэлэлцэхдээ хэд хэдэн асуудалд анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Барилга хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хуулийг хамтатгаж хэлэлцэх ёстой. Ингэж байж хот байгуулалт болон газрын асуудал хоорондоо уялдана. Газрын тухай хууль батлагдсанаар газар эдийн засгийн эргэлтэд орох ёстой гэж үзэж байгаа. Хууль батлагдсанаар газрын нэгдсэн бүртгэл сайжирч, газрын талаар гардаг зөрчил маргаан цэгцлэгдэнэ гэж үзэж буй”.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цогцоороо нийт долоон хуулийн төсөл хэлэлцэнэ. Энэ асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргана. Газар бол улсын үндэс. Тусгаар тогтнол, ҮАБ-ын эрх ашгийн үүднээс авч үзэх асуудал. Газрыг өмчлөх асуудлыг шийдээд 20 жил болж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашдаа хувийн өмчийн энэ эрхийг улам баталгаажуулах чиглэлээр тодотгох шаардлага бий. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын  хэмжээнд 1.1 сая иргэн, хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх эрхийн харилцаанд оржээ. Иргэн бүрд хамаатай суурь эрх зүйн шинэтгэл явагдах гэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэдийгээр Газрын хуультай мэт боловч хуульгүй мэт аягласаар ирсэн. Тусгай хамгаалалттай газар дээр отог барих гэдэг эрхээр дамжуулан хэдэн зуун мянган иргэний орон сууц улсын эрхийн бүртгэлгүй харилцаа бий болсон. Хамгийн үнэтэй баялагаа үнэ цэнгүй байлгаж ирсэн. 97-98 орчим хувийн газрыг татвар төлбөрөөс чөлөөлж ирсэн. Үнэтэй зүйл өндөр татвартай байх ёстой. Үнэгүй олгож байгаа гэдэг нэрийн дор газрын албаныхан болон Засаг даргаар ажиллаж байсан нөхдүүд газрыг далд байдлаар үнэтэй зардаг. Газрын авлигын өртгийг шингээгээд өндөр өртөгтэй орон сууцууд баригдаж байна. Тиймээс газрын шинэтгэлийн цаана, далд байгаа эдийн засгийг ил болгох, улмаар татвар авах бодлогыг шийднэ. Салангид болсон газрын харилцааны бодлогыг нэгдмэл болгоно. Орон нутагт, хот сууринд газрын асуудлаас болж зөрчил үүсдэг байдал хаа сайгүй болсон. Хуультай мөртлөө хуульгүй мэт явсан энэ харилцааг цэгцэлнэ" гэв. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "2002 онд Газрын тухай хууль батлагдсанаас хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийн талаар ХЗДХ-ийн яамнаас судалгаа хийж үзэхэд долоон давхардал, 29 зөрчил, 25 хийдэл байна. Өнөөдөр 60 гаруй хууль, 200 орчим захиргааны хэм хэмжээгээр газрын харилцааг зохицуулж байна. Газрын тухай багц хуулийг шинэчлэх шаардлага бий болсон".