УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийн хуулийн төслийг эцэслэн баталлаа.
-
2023 оны төсвийн онцлог:
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв. Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр 1 их наяд төгрөг хэмнэх боломж бий болж байна.
- Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг зорилтод түвшин болох -1,906.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар баталлаа.
- Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжиж, эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ.
- Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын томоохон төслүүдээ бүрэн дуусгаж, эрчим хүчний салбарт шинэ төслүүд хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, түгжрэлийг бууруулна.
- Хотоос хөдөөд шилжихийг дэмжсэн татвар, цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлнэ.
- Ирэх 2023 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр эдийн засаг тогтворжиж, инфляц оны эцэст нэг оронтой тоонд шилжинэ.
Мөн 2023 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн төсөл, 2023 оны Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн хууль, 2023 оны Нийгмийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүд нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.