ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хонгорын гурван “тэнэг”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-08-21

Өчигдрөөс эхлэн соошл орчинд УИХ-ын гишүүн Б.Билэгт тойргийн иргэдтэйгээ уулзахдаа сугалаа татуулж, хонжворт нь данх, орос хромон гутал, хивс, хувин тараана гэсэн зар хаа сайгүй тарж эхэлсэн. Эхэндээ Б.Билэгт гишүүний зурагтай данхны зураг тарсан ч гишүүний ажлын хэсгээс энэ бол эвлүүлэг хэмээн мэдэгдэл хийж байв.

Гэвч соошл орчинд гарсан яриа үнэн болохыг эрхэм гишүүн өөрөө батлаадхав. Тэрбээр, уулзалтад ирсэн хүмүүсийн дунд сугалаа явуулж бакаль, данх, хувин, бүр хивс хүртэл бэлэглэсэн зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Өмнө нь хонгор нутгаас УИХ-д суусан Д.Ганбат гишүүн 40-ын бидон тарааж, нэрнийхээ өмнө “бидон” гэх хоч авч байсан бол энэ удаа Б.Билэгт гишүүн шийрийг нь хатаав.

“Хаа газрын тэнэгүүд ганц ганцаараа явдаг юм. Хэнтийн гурван тэнэг хэлхэлдээд л явж байх юм” хэмээн хэнтийчүүд нутгийн гурван улстөрчөө шоглодог байсан гэдэг. Харин энэ удаа хонгор нутгийн төлөөлөл болсон УИХ-ын гурван улстөрчийн паян 2020 оны сонгууль хүртэл олны ярих сэдэв болох нь ээ. Учир нь сар шинийн өмнөхөн мөн л Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Б.Билэгт гурав зэрэгцэж зогсчихоод “Миний ардын сэтгэл цагаан” хэмээн дуулж, олны элэг доог болж байсан удаатай. Тэгвэл энэ удаа нэг нь данх, гутал тараалаа. Магад маргааш Л.Элдэв-Очир нь эс бөгөөс Г.Занданшатар нь галын хайч тараавал гайхах зүйлгүй л юм байна. Хонгорын гурван тэнэг ч ар араасаа гайхамшиг үзүүлж байна даа.