ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

И Монголиа төр, иргэний алдааг хөрсөн дээр ил гаргаж өглөө

O.Admin
2023-01-20

Төрийн олгодог, айл өрх бүрийн хаалга татаж ордог ганц халамж бол хүүхдийн мөнгө. Хүн амынхаа тоог нэмэгдүүлэх төрийн бодлогоос хамгийн оновчтой шийдэл нь энэхүү шийдвэр байсан гэхэд хилсдэхгүй. Анхлан 2004 онд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай санаачилж, хүүхэд бүрт 10.000 төгрөг хэмээн намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаснаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Үнийн өсөлтөөс шалтгаалж 20 мянга болгож нэмээд байсан уг мөнгийг ковидын үеийн нөхцөл байдлаас үүдэн өнгөрөгч 2021 оноос 100 мянга болгосноор хүүхдийн мөнгөний халамж олон ч айлыг хямралаа гэтэлгэхэд тус дэм үзүүлж байсныг нуух юун. Олон зуун аж ахуйн нэгж, хувийн хэвшил хаалгаа барьсан хүнд цагт хүүхдийн мөнгөөр амин зуулгаа тэтгэж байсан иргэдээ төр харин энэ жилээс эхлэн ялгаварлаж эхэлсэн нь олны дургүйцлийг төрүүллээ.

Нэг талаасаа хавтгайрсан халамж биднийг буруу зуршилд уруу татаж буйг хэлэхгүй өнгөрч боломгүй. Зочид буудал, үйлчилгээний байгууллагуудад ажиллах хүн олдохоо болилоо. Хүүхдийн мөнгө, нэн ядуугийн тэтгэмж, хүнсний талоноор амьдралаа болгочихдог хэсэг бүлэг ажил хийхээ ч больсон нь худлаа биш шүү дээ. Амьдралын боломж дээгүүр нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй, хадгаламж болгож дансандаа хийчихдэг.

Дундаж амьдралтай хэсэг бүлэг л энэ мөнгөөр амьдралдаа нэмэр тус болж буй учраас ялгамжтай олгоё, яг халамж хэрэгтэй хэсгээ тэтгэе гэсэн төрийн шийдвэр буруу биш юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөндөө огт гар хүрдэггүй, жилийн орлого нь 50 сая төгрөгөөс дээш нийт өрхийн 9 хувьд энэ мөнгийг олгохгүй гэсэн Засгийн газрын шийдвэрээ Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар бат нот хамгаалсаар гарч одлоо. Энэ нь ч зөв биз. Халамж эзнээ олох нь хамгийн чухал.

Тэгвэл хүүхдийн 100 мянгыг хэнд олгох вэ гэсэн дуулиан өнгөрч буй долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гар утсанд очих ёстой мессеж гацсанаас үүдэн иргэд “И Монголиа”-гийн “Хүүхдийн мөнгө олгох” цэс рүү нэвтэрч шалгуур хангасан эсэхээ шалгасны дараа төрийн бүртгэлийн системийн томоохон алдаа ч илрэв. Нэг талдаа монголчуудын оршин суугаа хаягийн бүртгэл ямар замбараагүй байсныг, төрийн бүртгэлийн систем төгөлдөржиж чадаагүй энэ жишээ харуулав. Нэг айлын хаяг дээр 4-5 хүүхэд бүртгэлтэй, 1-3 машинтай, бүр хоёр байртай болсон тохиолдол ч гарлаа. Зарим нь нөхөр, хүүхдээ “алдаж”, ганц бие болсноо бичиж байна. Нэг хэсэг нь өөрийнх нь нэрээр бүртгэгдсэн 5 хүүхэдтэй болж, алдарт эцэг, эхийн болзол ч хангалаа. “Эцэг эхээс гурвуул, И монголиагаас тавуулаа” гэх марзан яриа ч гараад амжив.

Энэ бүхний төгсгөлд бид бөөндөө ”Цахим үндэстэн” болгоно гэсэн Цахим хөгжлийн яам, Засгийн газраа хэсэг тойрч бүүлдээд өнгөрч байх шиг. Хүүхдийн мөнгөний бүртгэлд гарсан алдааг төрийнхөн 2-3 хоногийн дотор засаж, өчигдрөөс эхлэн 87 хувьд мөнгийг нь олгов.

Өнөөдрөөс үлдсэн дөрвөн хувийн мөнгийг бүрэн олгосноор хүүхдийн мөнгөний дуулиан тэгсхийгээд намжих нь ээ. Гэхдээ ингээд мартаж болох сэдэв мөн үү гэвэл үгүй. Энэ бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн бүртгэл ямар замбараагүй байсныг харуулсан том алдаа учраас иргэн, төр хоёр энэ алдааг хэрхэвч мартаж болохгүй. Сонгууль бүрээр царцаа нүүлгэдэг, оршин суугаа хаягийн бүртгэл замбараагүй байдаг, өөрийн хаяг дээр бүртгэгдсэн, унахаа больсон, ашиглахаа больсон, зарсан борлуулсан үл хөдлөх хөрөнгө, машин тэрэгний бүртгэлээ нэгмөр цэгцэлж чаддаггүй замбараагүй байдлыг илчилж өглөө.

Дэгсдүүлж хэлбэл, И Монголиа бидний өнөөдрийн замбараагүй байдлыг илчилж өгсөн гэхэд хэтийдэхгүй. Тиймээс төр цаашдаа хаяг, бүртгэлийн замбараагүй байдлаа цэгцлэх шаардлагатай болж байна. Тэр тусмаа төрийн анхан шатны нэгж буюу хорооноос энэ бүх замбараагүй байдлаа цэгцлэхийг шаардах ёстой болж байна.

Нөгөөтээгүүр, иргэд ч амьдарч буй газраа, оршин байгаа хаягаа зөв байгаа эсэхийг, нүүсэн бол тэр дор нь хаягаа шилжүүлэхийг, сонгуулийн дараа бүртгэл нь хэвийн байгааг, хасагдсан, зарсан машинаа өөр хүний нэр дээр шилжүүлэхдээ хаягаас хассан эсэхээ хянах ёстой гээд төр иргэн хоёр хамтраад алдаагаа засах боломжийг энэ удаагийн жишээ харууллаа.

Цаашдаа 2024 оны сонгууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулга, 1072 хувьцааны ногдол ашиг гээд олон ч зүйл дээр иргэний бүртгэл мэдээлэл шаардлагатай болно. Тэр болгонд иргэн та замбараагүй хаягтай, нэр нь үл мэдэгдэх хүүхэдтэй болохгүйн тулд хаягаа хянадаг, системд алдаатай орсон бол засаж залруулдаг байх нь хамгийн чухал юм шүү. Төр нэг л өглөө босоод ирэхэд энэ бүхнийг цэгцэлнэ гэж байхгүй. Өнгөрсөн хугацааны алдаа завхрал ганц систем ашиглалтад оруулснаар баллуурдсан юм шиг арилахгүй учраас харин ч цахим үндэстэнг бий болгох гэсэн оролдлого бидний алдааг хөрсөн дээр ил гаргаж өглөө. Тиймээс төр иргэн хамтраад алдаагаа засъя. Төр ажлаа хий, иргэн та харин хариуцлагатай байгаарай.