Одоогоос арав гаруй жилийн өмнө улсын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгуулсан Хөгжлийн банкаа эрх мэдэлтэй, албан тушаалтай, танил талтай нь нэгдэж нийлээд тоночихсон талаар өнгөрсөн хугацаанд нийгмээрээ талцаж хэрэлдсэн билээ.
Тэднийг хууль хяналтын байгууллага нь ч дийлдэггүй, олон тэрбумын зээлээ ч төлдөггүй, зарим нь бүр нэрээ хүртэл өөрчилсөн байх жишээтэй. Эхнэрээ эмчлүүлсэн, гадаадад казино тоглочихсон, төрөөс зээлсэн мөнгөө төл гэхээр “Би бол шилдэг бүтээн байгуулагч” хэмээн өргөмжлөл өргөөд зогсчихдог хүн цөөнгүй байгааг ч тав хоногт өрнөсөн сонсголоос та бид харсан. Зарим компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, дампуурсныг ч мөн харлаа.
Харин зээлийн хүү нь өссөөр, үржсээр. Үл хөдлөх хөрөнгө нь барьцаандаа хүрэхгүй, эрсдэлтэй зээлдэгчийн ангилалд багтсан компаниуд ихэвчлэн танил талаараа дамжуулан өндөр зээл авч, луйвардсан шившигтэй үйл явдлын гэрч нь бид болов. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд сайд, дарга хүртлээ урт жагсаалт гарч байгаа.
Харицлага нэхэхээр “Анхнаасаа эрсдэлтэй зээлдэгч нарт яах гэж зээл өгсөн юм. Нийгэм цаг үеийн байдал хэцүү байна. Худлаа гэвэл тоног төхөөрөмжөө суурилуулчихсан” хэмээн аархаж байна билээ, тэд. Ийм байхад тэднээс Монгол Улс хөгжил, эх оронч сэтгэл, импорт орлох бүтээгдэхүүн горьдоод ч нэмэргүй гэсэн үг л дээ. Харин тэр олон мянган зээлдэгч нараас өнөөдөр бүтээн байгуулалтаа барьсан, өрөө цаг хугацаанд нь төлж байгаа, өр төлбөрөө төлж дуусгасан гялтайх хэдхэн байгууллага байгааг мартаж болохгүй.
Түүний нэг нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК юм. Тус байгууллагын зорилго хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа. Энэ зорилгоо ч биелүүлсэн. Тус байгууллагын хувьцааг 100 хувь төр эзэмшдэг ч гэсэн Хөгжлийн банкны өр зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Тухайлбал, “Буянт-Ухаа 1, 2” төслийн санхүүжилтийн зээл, зээлийн хүү тэглэгдэж, “Шинэ Яармаг” төслийн зээл үл хөдлөх эд хөрөнгөөр төлөгдсөнөөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Хөгжлийн банк дахь 272.2 тэрбум төгрөгийн өр бүрэн тэглэгдсэн гэж ойлгож болох нь ээ. Ингэснээр иргэдийн 109 орон сууц, 112 авто зогсоол Хөгжлийн банкны барьцаанаас бүрэн чөлөөлөгдөж, иргэд орон сууц, авто зогсоолоо өмчлөхийн зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой боллоо.
Тэр дундаа иргэдийн үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөж байгаа нь чухал юм. Төрийн байгууллага зээлээ зориулалтын дагуу ашиглалаа, төллөө, барагдууллаа. Үнэндээ бүтээнэ, болгоно гэсэн бол арга, аргачлал нь ч олддог юм байна. Эндээс хэн ч хохирсонгүй. Харин үл хөдлөх хөрөнгө нь барьцаанаас чөлөөлөгдөж, олон зуун хүн баярлаж, талархаж байна. Нөгөөтээгүүр, улс орны бүтээн байгуулалтад хариуцлагатайгаар оролцож, зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа хувийн болон төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа илүүтэй дэмжих ёстойг “ТОСК” ТӨХХК харууллаа.
Барилга орон сууцны хэрэгцээ, дахин төлөвлөлт, гэр хорооллын тоог багасгахад чиглэсэн бодлогод ТОСК өндөр хувь нэмэр үзүүллээ. Баярлалаа. Иргэд ч баталгаатай, чанартай орон сууцаар хангагдаж чадав. Тодорхой хэмжээнд гэр хорооллын тоо ч цөөрөв. Тиймээс дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд хариуцлагатай хувийн болон төрийн өмчит компаниудаа татан төвлөрүүлж, Буянт-Ухаа-1, 2 шиг төлөвлөгөөт, баталгаат орон сууцыг зах зээлд барьж, нийлүүлэх боломжтой юм байна.
Түүгээр ч зогсохгүй, дахин төлөвлөлтийг богино хугацаанд чанартай гүйцэтгэж болдог гэдгийг ч харууллаа. Тиймээс төр нь гуйж байгаад зээл өгчихсөн аятай авирлаж байгаа хэдэн танхай луйварчид харин одоо өрөө төлж барагдуулмаар байх юм. Дараа, дараагийн олон хариуцлагатай байгууллагын боломжийг хулгайлж, улсынхаа хөгжлөөс 13 жил чангаасандаа гэмшиж, өрөө төлөх нь үлдсэн нэр хүндээ хамгаалж үлдэх эцсийн арга биз.