АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын газарт энэ сарын 22-ны өдөр хүргүүлсэн.
УЕПГ-аас тус хүсэлттэй танилцаж байна гэдгээ өчигдөр мэдэгдсэн бөгөөд өнөөдөр уг хүсэлт УИХ-д ирээгүй байгаа гэдгийг УИХ-ын дарга хэлж байсан билээ. Тэгвэл нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ажлын цаг дуусахаас өмнө УИХ-д иржээ.
Энэхүү хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан УИХ шийдвэр гаргах учиртай. Тэгэхээр ирэх долоо хоногт дахин нэр бүхий гурван гишүүн чуулганы танхимыг орхиж магадгүй болоод байна.
Нүүрсний хэргийг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс нэмэлт нотлох баримт болон бусад шаардлагатай баримтыг хойшлуулшгүй ажиллагаа явуулан ар гэр, албан газар, оффист нь нэгжлэг хийж цуглуулах гэсэн ч эдгээр гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх саад болж буй учраас ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргаад буй юм.