ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНДӨХ СЭДЭВ: Монголчуудын 55 хувь нь парламентад төлөөлөлгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-05-15

-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх үү, эс өөрчлөх үү.

-Хэт их эрх мэдэл, кнопны наймаанд автан 76 улстөрчийн тоог нэмж дарга тогтолцоог халах уу, эс халах уу.

-Улс төрийн намууд мөнгөний эрх ашигт хүлэгддэг байдлыг засаж залруулж, нэг намын дарангуйллаас гарах уу, эс гарах уу.

...Энэ гурван асуулт ойрын өдрүүдэд монголчуудын талцаж хэрэлдэх, тэр хэрээр санал асуулга, маргаан мэтгэлцээн өрнүүлэх сэдэв болов. Монголын улс төрийн тогтворгүй байдал, засаглалын хямрал, ирэх жилүүдэд үүсэх эдийн засаг хийгээд геополитикийн амаргүй цаг үед Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаатайгаа зууралдсаар байх уу, эсвэл өөрчлөх үү гэдэг нь энэ гурван асуултад хэрхэн зөв хариулт өгч, зөв шийдэл гаргахаас шалтгаалах учраас долоо хэмжиж, нэг огтлох нь юу юунаас чухал болоод байгаа юм. Тиймдээ ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэр дундаа сонгуулийн тогтолцоо хийгээд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал нийт массын дунд халуун сэдэв болжээ. Энэ бол сайн жишиг. Монголчууд одоо л төрийн үйл хэрэг бол миний үйл хэрэг хэмээн сэтгэж эхэлж байна. Тиймдээ ч энэхүү нийтлэлээр “УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү, бусад улс орнуудын жишиг ямар байна вэ” гэдгийг хөндөхийг хүслээ.

Нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан нам парламентад олонхи бүрдүүлдэг

Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан байдаг. Начир дээрээ энэ заалт амьдралд хэрэгжиж байна уу гэдгийг уншигч та өөрөөсөө асуугаад үзээрэй. Таны сонгосон төлөөлөгч, итгэсэн улстөрч энэ танхимд сууж байна уу. Харамсалтай нь олон хүн “үгүй” гэсэн хариулт өгнө.

Учир нь нийт монголчуудын бус нэг хэсэг монголчуудын төлөөлөл төрд олонхи бүрдүүлэн сууж буйг нуух юун. Шат шатны сонгуулиар нийт сонгогчдын ердөө 45 хувийн саналыг авсан улс төрийн нам парламентад 82 хувийг бүрдүүлэн сууж буй. Эсрэгээрээ 55 хувь нь бусад улс төрийн нам, бие даагчдыг дэмжсэнийхээ төлөө парламентад төлөөлөлгүй гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Монгол Улсын эрх ашиг бус нэг аймаг, нэг тойргийн эрх ашиг л энэ танхимд бүрэлдэж байгааг харсан ч хараагүй мэт суух нь утгагүй биз.

Монгол Улс 76 гишүүнтэй, парламентын нэг танхимтай байя гэдэг шийдвэр гаргасан 1992 онд 2.2 хүн амтай байсан бөгөөд нэг УИХ-ын гишүүн 28 мянган хүнийг төлөөлдөг байж. Өнөөдөр Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрч, нэг улстөрчид 48 мянган иргэн оногдож байгаа. Эндээс харвал, нийт иргэний эрх ашгийг төлөөлнө гэсэн Үндсэн хуулийн заалт хэдийнэ үнэ цэнгүй болсныг харж болно. Улстөрчид нь ард түмэн, улсдаа бус эсрэгээрээ компани, бүлэглэлд кнопоо зарж, тэдний өмнөөс дуугардаг, хөдөлдөг болсныг ч дотор нь суугаа хүмүүс нь ч хэлэх болов. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд л “Монгол төрийн бодлогыг Төрийн ордонд бус ордныг тойрсон оффис дотроос гаргадаг болсон. Банкны эзэд энэ төрийг удирдаж байна” хэмээсэн нь дэгсдүүлсэн үг биш байсныг та бид өдөр бүхэн харж буй. Нүүрсний бүлэглэл, Хөгжлийн банкны хулгай энэ бүхний энгийн нэг жишээ. Байнгын хорооны 13 гишүүний 5-ыг нь, парламентын гишүүний 25-30-д нь мөнгө амлахад л гадна, дотны хэнбугай ч хүссэн шийдвэрээ парламентаар гаргуулах болсон нь төрийн нэр хүнд шал дээр хөглөрөх, УИХ-ын гишүүн болсон хэнбугай ч худалч, хулгайч болдог гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлчихжээ.

Кнопны наймааг арилгах, даргаас төлөөлөгчтэй болгох, ард түмний санал гээгдэхгүй, бүлэглэлүүд кноп худалдан авч хүссэн шийдвэрээ гаргуулж чадахгүй болгохын тулд өнөөгийн тоо, тогтолцоог өөрчлөхөөс өөр аргагүй. Гагцхүү яаж гэдгээ харин 76-гаар хүч түрэх бус ард түмэнтэйгээ хэлэлцэж, мэдээллээр зөв хангах нь юу юунаас чухал. Тэндээс гарах үр дүн нь 152 гишүүний зөвлөх, туслахыг цалинжуулах жижигхэн мөнгөний хажууд томоор яригдах учиртай.

АИХ-ын депутатуудаас тоог нэмэх санал гарч байжээ

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай санал ганцхан энэ удаа яригдаж байгаа юм биш. Төлөөллийн зарчим алдагдаж байна, хэт цөөнх гишүүд лоббид автахдаа амархан байх болно гэдгийг 1991 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байсан АИХ-ын депутатууд ч хөндөж байсныг эргэн санахад гэмгүй.

Тодруулбал, 1991 оны арванхоёрдугаар сарын 02-нд Ардын их хурлын чуулганаар “УИХ нь нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн тоо 76, 102, 120-150 байна гэсэн саналууд орсноос 76 байх нь зөв гэдгийг 180 депутат дэмжиж, 171 нь татгалзсан санал өгч байжээ. Ердөө 9-хөн хүнээр энэ тоо дэмжигдсэн гэсэн үг. Тэгэхээр үлдсэн 171 депутат ирээдүйд ийм зүйл болно гэдгийг, төлөөллийн зарчим алдагдаж, төрд мөнгөний, бүлэглэлийн эрх ашиг давамгайлах улс төр үүснэ гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Нөгөөтээгүүр, үе үеийн парламентын гишүүд болон Ерөнхийлөгчөөс ч энэ санал гарч байж.

Тухайлбал,

-УИХ-ын гишүүн С.Батболд 2008-2012 оны парламентын үед 108 гишүүн бүхий төлөөлөгчдийн танхим, 51 гишүүн бүхий Үндэсний зөвлөл гэсэн хоёр танхимтай байх санал өргөсөн

-2012-2016 оны парламентад УИХ-ын гишүүн Н.Батбаяр 99 гишүүнтэй болох санал өргөн мэдүүлсэн

-2016-2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 108 гишүүнийг 54-ыг нь мажоритар, 54-ыг нь пропорцианаль тогтолцоогоор сонгох саналыг тус тус өргөн мэдүүлж байв. Тэгвэл манайхтай ижил төстэй улс төрийн тогтолцоотой болон хүн ам адилхан улс орнуудад парламентын гишүүдийн тоо хэд байдгийг мөн судалж үзлээ.

Иргэн бүр баялагтай эзэн байх тогтолцоо буюу “Баялгийн сан”-г төгөлдөршүүлсэн Сингапур улс 5.9 сая хүн амтай, төлөөлөгчдийнх нь тоо 104. Боловсрол, эрүүл мэндийн гайхамшигтай эрүүл тогтолцоогоор дэлхийд гайхагдаж буй Норвеги улс гэхэд л 5.4 сая хүн амтай, төлөөлөгчдийнх нь тоо 169. Ажилгүйдлийн түвшин хамгийн багатай Дани улс 5.7 сая хүн амтай, 179 төлөөлөгчтэй.

Дөч гаруй жилийн өмнө буурал тивийн хамгийн хоцрогдсон улс байсан финляндчууд өдгөө мэдлэгийн эдийн засаг, технологиор тус тивдээ тэргүүлэгч таван улсын нэг болсон. Тэд 5.5 саяулаа атлаа 200 төлөөлөгчөө төрд сонгоод тэргүүлэгч байх бодлогоо шийдүүлж байна. Үр дүнд нь ердөө 40 жилийн хугацаанд л боловсролын реформыг тууштай хийж чаджээ.

Цаашлаад, 1.3 сая эстоничууд 101, дөрвөн сая молдавчууд 101, 5.5 сая словакчууд 150 гэх мэтээр нэрлэж болох нь ээ. Тэгэхээр олон улсын жишгээ бодсон ч УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, тогтолцоог өөрчлөх асуудлыг арай өөрөөр харах цаг нь болжээ. “76 хулгайчаа тэжээж дийлэхгүй байхад 152 луйварчин нэмэгдэх нь илүүц” хэмээн харанхуй сохроор эсэргүүцэхээс илүү тоо нэмэгдсэнээр ямар өөрчлөлт гарах юм, тогтолцоогоо Үндсэн хуульдаа суулгаснаар гарах үр дүн юу байх вэ гэдгийг эрүүлээр харж, ажил хэрэгчээр ярилцах цаг нь болсон шүү, монголчууд аа. Бид чөтгөрийн тойргоосоо гарч, “Хуучинхүү”-гээс нэн шинэ хүү болцгоохын тулд зоригтой өөрчлөлтийг хийхэд гэмгүй цаг үе ирээд байна.