ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газа дахь эмнэлэг довтолгоонд өртөж, 500 гаруй хүн амь үрэгджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-18

Израил, исламын шашинт Хамас бүлэглэлийн мөргөлдөөн болж буй Газа хотын эмнэлгийг өчигдөр пуужингаар харвасны улмаас 500 гаруй хүн амь үрэгдсэн хэмээн “АП” агентлаг мэдээллээ.

Уг халдлагыг одоогоор хэн үйлдсэн нь тодорхойгүй байна. Хамас бүлэглэлийн хувьд Израилыг агаараас довтолсон хэмээн буруутгаж байгаа бол Израилын арми Жихад бүлэглэлийн буруу байнд туссан пуужингийн довтолгоо хэмээн зайлсхийж байгаа аж. Ямартай ч энэ удаагийн эмнэлгийг онилсон халдлага бүс нутгийн хэмжээнд хурцадмал байдал үүсгэсний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден Ойрхи Дорнодын удирдагчидтай хийх уулзалтаа цуцлахаас аргагүйд хүрчээ. Тэрбээр Иорданы Амман хотод өнөөдөр болох бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцох байсан юм. Гэвч, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Иорданы Гадаад хэргийн сайд уулзалт цуцлагдсаныг мэдээлжээ. Ямартай ч, Жо Байден Израилд айлчлах бололтой. 

Хезболлах гэх исламын шийт урсгалын бүлэглэл аравдугаар сарын 18 буюу өнөөдрийг исламын шашинтнууд болон араб иргэдийн дайснуудын эсрэг уур хилэнгээ харуулах өдөр болгохоо зарлаж, бүх хүнийг гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлэхийг уриаллаа. Үүний дараа Ливан дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадна олон зуун хүн цуглаж, эсэргүүцлийн жагсаал хийжээ. Франц пресс агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр тэнд цугласан хүмүүс “Америкт үхэл”, “Израилд үхэл” хэмээн хашгирч, чулуу шидэж, барилгад гал тавьсан байна.

Бейрут хотын Францын Элчин сайдын яамны өмнө ч зуу зуун хүн цугларч, Хезболлах бүлэглэлийн далбааг өргөж, Элчин сайдын яамны хаалга руу чулуу шиджээ. Нөгөө талаар, Израилын арми Газын исламын шашны жихад бүлэглэл эмнэлэг рүү пуужин харвасныг нотлох оролдлого хийсээр байна.