ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Гантөмөр: Одоо бидний их улс төр эхэлнэ

O.Admin
2023-10-28

Ардчилсан намын удирдлагуудын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөрийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эвлэж нийлж, эмхлэгдэж цэгцэрсэн Ардчилсан намын шат шатны удирдлага та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Та биднийг энэ танхимд чухам ямар хүчин зүйл, шалтаг шалтгаан цуглуулсан гэж бодож байна вэ.

Хүмүүс олон санаа хэлж байна. Миний бодлоор, миний бодлоор ч гэж дээ биднийг Үзэл баримтлал, үнэт зүйл маань энд цуглуулсан. Үүнийг нам гэдэг. Тэгэхлээр бид нэг үзэл баримтлалтай, нэг үнэт зүйлтэй, нэг хаягтай хүмүүс. Харамсалтай нь энэ үнэт зүйл маань сүүлийн хэдэн жил алдагдсан. Энэ бол хагарал хуваагдал, хэрүүл тэмцэл, гомдол цөхрөл, уур хилэн болж хувирсан хар өдрүүд байлаа. Үүнтэй зэрэгцээд цар тахал, хөл хорио, үгүйрэл ядуурал, төрийн дарамт, өрийн дарамтанд монголчууд сөхөрсөн билээ.

Зон олон эрх баригчдаас юу ч хүлээгээд нэмэргүйг эдгээр хүнд өдрүүдэд яс махандаа шингэтэл ойлгосон. Иргэд харин Ардчилсан нам руу горьдлого, цөхрөл шингэсэн нүдээр харсан. Харамсалтай нь бид ард түмэн, улс монголоо бодох нь бүү хэл өвөр зуураа хэмхэлдэж, намаа тарааж, хосоо шувтрах дээрээ тулаад байсан. Үүнтэй зэрэгцээд томоохон ялагдлуудыг амсаж тартагтаа тулсан. Ялагдлынхаа шалтгааныг бид олж чадсан. Нэгд. Дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй.

Хоёрт, Үзэл санаанаасаа ухарсан. Гуравт. Стратеги боловсруулаагүй гэх мэт хүчин зүйлүүдийн улмаас ялагдал амссан.

Эвдрэлцэлд гадаад дотоод хүчин зүйлүүд бий. Би гаднаас шалтгаан эрэхийг хүсэхгүй байна. Энэ бол бид бүгдийн алдаа. Манай нам эрх баригчид шиг дарга төвтэй болж, толгойтой бүхэн тийшээ зүтгэдэг мутацид орсон.

Ер нь эвлэх гэдэг дайтахаас хүнд юм байна.

Их муудчихсан хоёр хүнийг уулзуулаад суух хамгийн хэцүү гэдгийг ойлголоо. Дайтах, хэрүүл хийх амархан. Харин эвлэх, ойлголцох гэдэг нь асар их тэвчээр шаарддаг юм байна. Гэвч бид чадаж байна. Чадлаа. Үүний шууд тусгал нь саяхан явагдсан аймаг, дүүргүүдийн намын хороодын удирдлагыг сонгож чадсан явдал. Бага сага асуудал гарсан л байх. Энэ хорвоод төгс юм гэж байхгүй шүү дээ. Ер нь ч тэгээд ардчилал гэдэг олонхоороо шийдэж, цөөнхөө сонсдог зарчим.

Цөөнхийн үгийг сонсож байгаа. МАН бол удирдлагын босоо тогтолцоотой бүтэц бүхий дарга төвтэй. Энэ бүтэц гаднаасаа харахад эв нэгдэлтэй мэт харагдавч өнгийгөөд харахад хар хор бугшиж, идээ бээрэндээ баригдсан хорт хавдар шиг болдгийг ойлгосон. Тиймээс би дарга төвтэй бүтцийг халж, эрх мэдлийг тараан байршуулах бодлогыг баримталж эхэлсэн. Үүний нэг жишээ нь олон дэд даргатай болсон явдал. Хэн нэгэн, эсвэл дарга болсон нөхөр өөрийгөө удирдагч гэж ойлговол эндүүрэл. Энэ бол хариуцлага, ажил, үүрэг юм. Би үүнийг физик ухагдахуунаар тайлбарлая. Төвд тэмүүлэх хурдатгал гэж бий. Төвөөс зугтах хүч ч гэж бий. Би төвөөс зугтах хүчийг сонгосон. Өөрөөр хэлбэл хүн бүрийн оролцоог хангаад эхлэхээр эв нэгдэл ирнэ гэж тооцсон. Гадуурхал, түүний хүн, үүний хүн гэсэн ялгаа гараад эхлэхээр л нөгөөх л эвдрэлцлийн үүд нээгдэж байгаа юм. Би бүхнийг ганцаараа шийддэг том дарга баймааргүй байна. Тиймээс эрх мэдлийг Улс төрийн зөвлөлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл хамтын удирдлагын механизмыг сонгосон гэсэн үг. Энэ хооронд зөвхөн эвлэх гээд кофе уугаад суусангүй.

Манай нам ялагдал амссан хэдий ч Монгол Улсын 330 сумын 148-д, найман аймагт ялалт байгуулсан. Эдгээр ялалтыг авчирсан 826 төлөөлөгчийг “Түүчээ-2023” аяны хүрээнд хүлээн авч уулзлаа. Мөн бүсүүдийн Эдийн засгийн чуулган хийж, “Өрийн дарамтгүй Монгол” аяны хүрээнд 17 аймаг, зургаан дүүрэгт намын дэд дарга нараар ахлуулсан баг ажиллаж, уулзалт ярилцлага хийлээ. Ирэх сардаа багтаагаад үлдсэн аймаг, дүүргүүдэд ажиллах болно. Асуудлыг газар дээр нь харж, иргэдтэйгээ уулзсаны үр дүнд “Өргүй Монгол” гэдэг стратеги боловсруулж байгаа нь нүдээ олсон хэрэг гэдэг нь улам бүр батлагдлаа. Улс нь гадаад өртэй, иргэд нь Банк бус санхүүгийн байгууллага, ломбард, апплейкшн, дэлгүүр, хоорондоо өртэй байна. Өөрөөр хэлбэл өрийн сүлжээ аалзны тор шиг бүрхжээ.

Энэ бол өнөөдөр, маргааш, нөгөөдрийн асуудал төдийгүй улс орны аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Үүнийг л бид шийдэх ёстой. Тийм ч учраас “Өргүй Монгол” гэсэн стратеги боловсруулж ирэх сонгуульд оролцохоо илэн далангүй хэлж байгаа.

Бидэнд эрх баригчид шиг нууцын зэрэглэлд оруулах, нууцлах зүйл байхгүй. Нууц гэдэг нь хулгай гэж уншигддаг болоод хэвшчихсэн шүү дээ. Сайны хажуугаар саар зүйл мэр сэр байна. Ардчилсан нам хэдийгээр гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэдэг ч гэсэн хагалган бутаргах, хэн нэгний албан тушаал, эд мөнгөнд шунасан сувьдаг сэтгэлийг хангадаг газар бишээ. Эрүүл шүүмжлэл, шударга саналыг сонсоно, хэрэгжүүлнэ. Дахин хэлэхэд ардчилал дураараа авирлах эрх хүүхдийн ааш биш хууль дээдэлдэг зарчим юм шүү.

Хэний өгсөн чулууг хэн рүү шидэхээ ойлгохын тулд зарим нэг нь бодно биз. Надаас Нийслэлийн намын хорооны дарга, генсекээрээ хэнийг тавих гэж байна, яагаад удаашраад байна гэх мэтийн асуултыг хүний өөрийнгүй л тавьж байна. Нийслэлийн намын хорооны даргыг би томилдоггүй. Харин генсекээрээ бусдыг сонсож чаддаг, ажилдаа дарлуулдаггүй, өндөр боловсролтой, чигч шударга залуу хүнийг сонгоно гэдгээ албан ёсоор хэлчихье. Бас нэг асуулт олон ч хүнийг нойргүй хонуулж, мөн л эвдрэлцэлд хүргэчих гээд байна. Сонгуулийн жагсаалтанд хэний нэр бичигдэх вэ гэдэг асуулт. Нэгдүгээрт би ганцаараа шийдэхгүй. Миний саналыг сонсох гээд байвал товч тодорхой хэлчихье. Хувийн хэргийг хойшоо тавьж улс олон нийтийн эрх ашгийн төлөө өөрийгөө зольж чадах мэдлэг боловсрол, ёс суртахуун нь тэгширсэн зөв хүмүүсээ жагсаалтанд оруулна. Үүнтэй холбогдоод нэг зүйлийг хэлчихье. Дарга болох хүсэлтэй хүн мэдлэг боловсрол нь тэгширсэн, элдэв бусармаг зүйлд холбогдоогүй, нөхөддөө төдийгүй олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх босгыг тавина шүү.

Өнөөдрийн төрийн алба бичиг үсэг тайлагдсан эсэх нь эргэлзээтэй учраа мэдэхгүй хагас галзуу хүмүүсээр дүүрсэн. Ийм этгээдүүд л олонд ил болсон эрээгүй хулгай дээрмийг хийж байгаа. Бүр ядаж л ичих булчирхайтай хүн төр лүү зүтгэх ёстой гэж бодож байна. Энэ бодлого зарчимыг анхан шатны үүр хороодын дарга нар та бүхэн ч гэсэн баримталж ажиллана гэдэгт итгэж байна. Би түрүүн Ардчилсан намын ирэх сонгуульд оролцох стратегийн талаар хэлсэн. Өргүй монгол гэдэг. Бид ард түмнээ, улс монголоо өрнөөс салгаж чадна. Тийм оюуны чадамжтай боловсон хүчний нөөц Ардчилсан намд хангалттай бий. Бид өрнөөс гаргахын тулд олон ажлыг хийнэ. Нийгмийн халамжийг хумьж, аж ахуйн нэгж, иргэд чөлөөтэй бизнес, хөдөлмөр эрхэлдэг нөхцлөөр хангана. Үүний суурь нь банкны зээлийн хүүг бууруулахаас эхлэнэ.

Мөн хүний заяагдмал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх чөлөөг олгоно. Энэ бол бидний стратеги. Бид олон ургальч үзэлтэй байж болох ч стратеги дээрээ нэгдэх хэрэгтэй. Ингэж гэмээнэ нөгөөх талцал хуваагдлаас ангид байж чадна. Энэ бүхэн та бидний хийх ажил. Талцал хуваагдал, хэрүүл тэмцлээ дуусгавар болгож эв нэгдлээ хангаж чадаж байна. Үүнд цаг их орсон. Намайг зарим хүмүүс удаан байна, дуугүй байна хэмээн шүүмжилж байгаа. Хурд гэдгийг ер нь юу гэж ойлгоод байгаа юм. Минийхээр хурд гэдэг зогсолтгүй урагшлахыг л хэлдэг. Бас надад өөрийн гэсэн мэдрэмж, бодлого, төлөвлөгөө бий. Энэ бүхэн судалгаан дээр суурилсан байгаа шүү. Ямартаа ч бид нэгэн зүгт харж чадлаа.

ОДОО БИДНИЙ ИХ УЛС ТӨР ЭХЭЛНЭ