Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад БНХАУ тууштай дэмжлэг үзүүлж, итгэж болохуйц сайн хөрш, сайн ах байхад бэлэн хэмээн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян хэлснийг “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн 22 дахь удаагийн чуулга уулзалтын хүрээнд энэ сарын 26-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан юм. Энэ уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян дээрх байр суурийг илэрхийлж, хоёр тал тус тусын язгуур эрх ашиг, анхаарч буй асуудлаа харилцан ойлголцож, нэг нэгнээ тууштай дэмжихийг уриалжээ.
Мөн Хятад, Монгол хоёр улс уул толгод, гол мөрнөөрөө зэрэгцэн оршдог гэдгийг дурьдаж, найрамдал, хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны гол өнгө төрх байсаар ирсэнийг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн "БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар саяхан Бээжинд уулзаж, “Бүс ба Зам” хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр хэд хэдэн нэгдсэн ойлголтод хүрсэн нь хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэх стратегийн удирдамж болох ёстойг дурьджээ.
Улмаар нэгдсэн ойлголтыг хэрэгжүүлэхэд Хятад улс Монгол Улстай хамтран ажиллаж, үргэлж итгэж найдаж болох сайн хөрш, “сайн ах” байхад бэлэн хэмээсэн байна. Ирэх онд БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиох юм. Тэгвэл уг ойг найрсаг уламжлалыг урагшлуулах, улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж болгон тэмдэглэхийг тэрбээр мөн уриалав.
Ли Чян хэлэхдээ “Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олсон ололт амжилтаа бататгаж, ирээдүйн өсөлтийг төлөвлөх ёстой. Хятад улс Монгол Улстай боомтын холболт, эдийн засаг худалдаа, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай үр дүнд хүрэхэд бэлэн байна” гэжээ.