Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна. Бусад улсын жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.
Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
Уг хуулийн төслүүдэд орж буй онцлох өөрчлөлтийн талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гэр бүлийн тухай хуулийн төсөлд хүүхдийн эрхийг илүү хамгаалах, гэр бүлийн орчинд хүүхдийг өсгөх, хүүхэд хүмүүжэх эрхийг баталгаажуулах, зайлшгүй шаардлагатай онцгой нөхцөлд эцэг эх байх эрхийг хасах зохицуулалтуудыг тусгасан. Мөн хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудыг зөвхөн шүүхээр шийдвэрлэдэг болох зохицуулалтыг оруулж ирсэн. Ингэснээр нийгмийн тулгамдсан сэдэв болж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудал тодорхой түвшинд шийдэгдэнэ гэж найдаж байна.
Түүнчлэн гэр бүлтэй адилтгах харилцаанаас төрсөн хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, хамтран амьдрагчдын асуудлыг шүүх шийдвэрлэдэг байх зэрэг асуудлыг тусгасан. Иргэний хуульд гэр бүлийн гишүүд харилцан гэрээ байгуулах замаар эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэж болохоор заасан байдаг. Гэвч Гэр бүлийн тухай хуульд энэ талаар дэлгэрэнгүй зохицуулалт байдаггүй. Тиймээс гэр бүл болсон хүмүүсийн хооронд байгуулж болох гэрээний тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Мөн гэрлэгчдийн эрх үүрэг, эцэг эх хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг илүү дэлгэрэнгүй болгож байна.
Монгол Улс НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцын гишүүн. Тиймээс эрх бүхий байгууллага шүүхээс зохих хууль журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээдэг. Тэр утгаараа цаашид гэр бүлийн тогтвортой байдлыг илүү хамгаалах, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж, хүмүүжих нөхцөлийг хангахад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарч, төвлөрсөн.
Гэр бүлтэй холбоотой асуудлаар хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээг багцлан тодорхойлсон. Ингэснээр тодорхой зохицуулалтгүйн улмаас практикт зарим чиг үүрэг орхигддог, хуулийн зохицуулалт амьдрал дээр хэрэгждэггүй байдлыг өөрчлөх үр дүнд хүрнэ гэж найдаж байна" гэв.