МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы Б-1 давхрын хурлын Б1 танхимд МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцжээ.
Хурлаар Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламыг үүрэгт албанаас өөрийнх нь хүсэлтийн дагуу чөлөөлж, Гандантэгчэнлин хийдийн дараагийн тэргүүнд БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг томилсон байна.
Д.Жавзандорж ламыг Д.Чойжамц хамба санал болгон дэвшүүлсэн бөгөөд Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхийн дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар томилогджээ.
Мөн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтов. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд нийт 55 гишүүдийн 89 хувийн ирцтэй хуралдсан байна.