Иорданы хаан хоёрдугаар Абдуллах Израилын бүслэлтэд орсон Палестины Газын зурвас дахь хээрийн эмнэлэг рүү нисэх онгоцоор эмнэлгийн хэрэгсэл “хаясан” тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр “Манай эрэмгий зоригт нисэх хүчнийхэн шөнө дунд Газ дахь Иорданы хээрийн эмнэлэгт түргэн тусламжийн эм тариа, хэрэгслийг агаараас хаясан. Газын мөргөлдөөнд шархадсан эх орон нэгтнүүдээ дэмжих нь бидний үүрэг” хэмээв. Израилын албаныхан өнгөрсөн сарын 7-ноос хойш Газын зурвас дахь исламын Хамас бүлэглэлтэй дайтаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 1400 гаруй хүн нас барсан талаар мэдээлсэн юм.
Мөргөлдөөн эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 31 хоножээ. Газын зурвасын эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр тус бүс нутагт 9770 гаруй хүн нас барснаас гуравны хоёр нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.