Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн тээврээр зургаан сарын хугацаанд үнэгүй зорчих эрхтэй картыг иргэдэд олгож, дараа нь нэг сар хэрэглэх 30 мянган төгрөгийн картыг худалдаанд гаргах тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл уг шийдвэр одоогоор саналын төвшинд яригдаж буй бөгөөд албан ёсны шийдвэр гараагүй байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Сугар мэдээлсэн байна.
Тэрбээр “Одоогоор саналын төвшинд байгаа. Албан ёсны шийдвэр гараагүй байна. Нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлнэ. Энэ үеэс автобусны сүлжээг сайжруулах, богино эргэлт хийх, жолооч нарын тоог нэмж, цалинг нь нэмэгдүүлэх гэх мэтээр нийтийн тээврийн салбарт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой цогц шинэчлэлтүүд хийгдэх юм. 2004 онд нийслэлийн иргэдийн 40 гаруй хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол одоо 24 хувь нь зорчдог болж буурсан. Тиймээс автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, итгэл үнэмшлийг төрүүлэх нөхцлийг бий болгох үүднээс зургаан сарын хугацаанд үнэгүй зорчуулах санал гарсан. Гэхдээ албан ёсны шийдвэр эцэслэн гараагүй” гэлээ.