ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МСНЭ-ээс хууль бус шийдвэрээ яаралтай цуцлахыг шаардлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-03

Zarig.mn сайтын хандалтыг хязгаарлах шийдвэрийг прокурор болон цагдаагийн байгууллагаас гаргаж энэ дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос Zarig.mn домайн нэрийг хар жагсаалтад оруулж, монголоос тус домайн руу орох хандалтыг нь хязгаарлаад байна.

Үүнтэй холбоотойгоор МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтарч хуульд заагдаагүй үндэслэлээр гаргасан шийдвэрээ цуцалж, өнөөдрийн дотор тус сайтын хандалтыг сэргээхийг шаардан Цагдаагийн Ерөнхий газрын даргад шаардлага хүргүүллээ.

Мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-3 дахь заалтыг үндэслэн мэдээллийн хэрэгслийн хяналтыг хязгаарлах хүсэлтийг Прокурорт гаргажээ. Гэвч, энэ нь уг хуулийн заалтад огт тусгагдаагүй юм. Иймд хууль зөрчсөн үйл ажиллагаагаа яаралтай залруулж, цаашид сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулах нь “Зариг мн” гэх мэдээллийн хэрэгслийг хаах үндэслэл болохгүй гэдгийг МСНЭ-ээс онцоллоо. Мөн буруу шийдвэрээ яаралтай залруулахыг шаардаж байгаа бөгөөд хүлээн авахгүй тохиолдолд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэв.

МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдаж буй хэрэг. Ардчилсан чөлөөт нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бүхий нийгэмд иргэдийн эрх рүү халдаж байгаа учраас бид эсэргүүцэж байна. ЦЕГ-ын Мөрдөн шалгах газраас Прокуророос зөвшөөрөл хүсэхдээ баримталсан зүйл заалт нь энэ үйл явдалд ямар ч хамаагүй байна. ЦЕГ-аас мэдэгдэл хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-3 дахь заалтыг үндэслэн Мөрдөн байцаах газраас Прокурорт хүсэлт явуулж, Прокурор шийдвэрлэсэн гэсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн заалтыг нь үзэхэд огт өөр ажиллагаанууд дээр зөвшөөрөл авах заалт байгаа юм. Энэ заалтаар мэдээллийн хэрэгслийг хязгаарлах хүсэлт гаргаад Прокурор нь зөвшөөрөл өгсөн байна. Гэтэл тэр хуульд нь ийм заалт байхгүй байна. Харилцаа холбооны хэрэгсэл гэж үзээд байгаа юмуу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өөрийн гэсэн тусдаа статустай байгууллага. Хуулийг буруу хэрэглэж байна. Бид Прокурорын газарт бас хандаж байна. Хуульд заагдаагүй үндэслэлээр гаргасан шийдвэрээ яаралтай цуцална уу” гэв.

Keterangan tidak tersedia.

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг “Манай сайтын бидэнд мэдэгдэлгүй гэнэт хаасан. Яасан юм бэ гэхэд прокурор болон цагдаагийн байгууллагын шийдвэрээр хаасан гэх хариуцлагагүй мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос бидэнд өгсөн. Уг нь шүүхийн шийдвэр дээрээ хаах шаардлагагүй гэж үзсэн байсан. Эрх баригчид иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд маш бүдүүлгээр халдлаа. Энэ үйлдэлд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга хариуцлага хүлээж огцрох ёстой гэж үзэж байна. Зариг мн сайт нээгдэх нь бол тодорхой. Шүүхийн шийдвэртэй юм чинь нээхгүй гээд яах вэ дээ” гэлээ.