ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

O.Admin
2023-12-16

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Их хурлын Тамгын газар, Нийслэлийн ИТХ, Монголын болон Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж байна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд анхан шатны аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сард болж, шалгарсан 81 шатарчин хагас шигшээ буюу “Шатар сонирхогчдын 2023 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож байгаа юм. Мөн өнөөдрийн тэмцээнд Оюунлаг түшээ төрөлд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын таван албан хаагч оролцож байна.

Тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нээж үг хэлэхдээ “Нийслэлээс шалгарсан шатарчид маань улсын аварга шалгаруулах тэмцээндээ жил бүр амжилттай оролцдог. Энэ амжилтаа улам бүр ахиулж, олон улс, бүс нутгийн тэмцээнд удаа дараа амжилттай оролцож буйг онцлон хэлмээр байна. Бүх шатарчдадаа Нийслэлийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг даргын нэрийн өмнөөс амжилт хүсье” гэлээ.Нийслэлийн Шатрын холбооны Тэргүүн Б.Наранбаатар “Шатрын тэмцээнийг Үндсэн хууль батлагдсан өдөр үндэсний бөхөө барилдуулахаас гадна оюуны спортоо хөгжүүлэх зорилгоор шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Цаашид оюуны спортыг дэмжин шатар сонирхогчдоо зориулан олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэв.

Мөн энэ үеэр дүүргийн шатар сонирхогчдын тэмцээнийг жил бүр амжилттай зохион байгуулж, дэмжин ажилладаг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Х.Отгонхүү нарт “Талархал” гардуулсан юм.

Шатар сонирхогчдын 2023 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 17-ны өдөр буюу маргааш тодорно. Хагас шигшээгээс шалгарсан шатарчид 2024 оны нэгдүгээр сард УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах Улсын аваргын тэмцээнд оролцоно.