ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна

O.Admin
2023-12-25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх шуурхайгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 17 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 87 хувьтай байлаа. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн.

Энэ хүрээнд нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон. Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Цаг агаар хэт хүйтэрсэн нөхцөлд авах арга хэмжээний талаарх төлөвлөлтийг олон улсын туршлагыг судалж боловсруулах,
  • Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргаж, энэ дагуу хамтын ажиллагаатай хотуудад боловсон хүчин бэлтгэх боломжийг судлах,
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 14 хоног тутам хэрэгжилтийг хянах,
  • Зарим замын хөдөлгөөнд зохион байгуулалт хийж, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,
  • Шуурхай бүр дээр 2024 оны худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах,
  • Газар чөлөөлөх ажлын явц, гүйцэтгэлийг танилцуулах,
  • Инженерийн шугам сүлжээний бэлэн байдлыг танилцуулж, шаардлагатай авах арга хэмжээ, түүнтэй холбоотой гарах зардлын мэдээллийг танилцуулах,
  • Шугам сүлжээний засвар шинэчлэлийг нэгдсэн байдлаар эхлүүлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах,
  • Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудын төлөвлөгөөг батлуулах,
  • Ирэх оны тохижилтын ажлын төлөвлөгөөгөө танилцуулах,
  • СӨХ-ны тухай хуулийн төслийг яаралтай боловсруулах,
  • Шинэ жилийн амралттай холбоотойгоор холбогдох байгууллагууд бэлэн байдлаа хангаж, жижүүр ажиллуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.