Герман болон Франц зэрэг улсуудад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрөөс үргэлжлэн орж байгаа аадар борооны улмаас үер болж, нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.
Тухайлбал, Герман улсын Саксони-Анхальт, Тюрингия, Бага Саксоны мужуудад үер болж, олон хот, суурин газар гол мөрөн болон далайн усны хамгаалалтын далангуудын зузаан хана цуурах аюултай хэмжээнд хүрч, Ханте голын үерийн түвшин нэмэгдэж хотын оршин суугчдад аюул учруулах эрсдэл нүүрлэжээ.
Үүний зэрэгцээ Франц улсын баруун болон хойд бүс нутгийн арван аврах баг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үерийн аюулаас сэрэмжлүүлсээр байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа Франц улсын Пас-де-Калегийн аврах баг улаан түвшний бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа бөгөөд үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй ч хохирох аюул өндөр байгааг анхааруулж байгаа юм.
Мөн Франц улсын Буртес, Лумбрес тосгонууд урьд өмнө тохиолдож байгаагүй үерт нэрвэгджээ. Цаашид ч Герман болон Франц зэрэг Европын улсуудад 15-30 мм-ийн бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байна.
Эх сурвалж: euronews.com
Орчуулсан: Б.Гэрэлзаяа