Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлийг цаасан болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд бүртгэлд хамрагдах иргэд хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжоор хангаж өгчээ. Харин цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах юм.
Цэргийн бүртгэлийг өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын албаны байранд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд хийнэ. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг хавсаргана.
Харин цахим хэлбэрээр хамрагдах бол гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.