Энэ бямба гарагаас буюу нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал, хот дундуур сүлжин явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргах төлөвлөлтийг хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийхдээ танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж буй.
Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон" гэсэн юм.
Дээрх зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, бусад гудамж замуудаар үйлчлэх богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарна. Түүнчлэн хот орчмын 15 чиглэлд 89 автобус явах бөгөөд их багтаамжийн автобус явах боломжгүй дунд багтаамжийн автобус явуулах аж. Ингэхдээ хотын захын хорооллуудын таван чиглэлд 25 дунд багтаамжийн автобус явж, нийт 74 чиглэлд 1075 автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр чиглэлийн төлөвлөлт нь бүгд хоорондоо огтлолцож байгаагаараа онцлогтой юм.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоог гаргаад байна.
Нийтийн тээврийн зургаан шинэ чиглэл:
- М1 чиглэл нь Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар нийтийн тээвэрт үйлчилнэ. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь гурван минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.
- М2 чиглэл нь Зунжин худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч ирээд Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад ордон тойроод хойш явна.
- М3 чиглэл нь Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын уулзвар болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Мөн адил машины зогсоол байгаа хэсэг дээр автобусны буудал төлөвлөж байна.
- М4 чиглэл нь Шар хадыг хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явах чиглэл. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.
- M5 чиглэл нь Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар Гермес центр ороод буцаад явна.
- М6 чиглэл нь шинэ зуун айл буюу Дүнжингараваас зүүн тийшээ байгуулагдаж байгаа Шинэ зуун айл Монгол тэмүүлэл, 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь Баянмонголын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ3-ийн автобусны эцсийн буудал дээр очдог.