“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамирыг урьж, ярилцлаа.
Нийтийн тээврийн чиглэлүүдийг богиносгож, хамгийн боломжит хувилбар дээр аваачина
-2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны тавдугаар хуралдаан болсон. Энэ хуралдаанд нийтийн тээврийн чиглэлийг дахин төлөвлөж танилцуулсан. Улмаар энэхүү төлөвлөгөөг энэ сарын 20-ноос эхлэн нийтийн тээвэрт турших гэж байна. Өмнө нь 2015 онд нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөгөөг хийж байсан ч тодорхой хэмжээний үр дүнд хүрч чадаагүй. Одоогийн байдлаар нийслэлд 111 чиглэлд 1000 гаруй автобус явж байна. Давхардсан тоогоор өдөрт 520 мянга орчим зорчилтийг хийдэг гэсэн судалгаа бий. Үүнээс харахад тоон үзүүлэлт нь Улаанбаатар хотын хувьд хангалттай.
Гэвч бодит байдал өөр байгаад байна. Иргэд автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсоод л байдаг. Мөн нийтийн тээвэртэй холбоотой асуудал тасардаггүй. Тэгэхээр төлөвлөлт дээр алдаа байна гэж үзээд манай хороо, нийслэлийн багтай хамтран оновчтой шийдэл хайж ажилласан. Чиглэлийн хувьд тухайлбал, Энхтайвны өргөн чөлөөний нэг автобусны буудал дээр 22 чиглэлийн автобус зогсдог. Тэгэхээр иргэн өөрийн чиглэлд зорчихын тулд 21 автобус өнгөрөөгөөд 22 дахь дээр нь сууж байна. Энэ нь тухайн иргэний зорилгыг биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэт урт чиглэлүүдтэй байна. Тэгэхээр чиглэлүүдийг богиносгож, хамгийн боломжит хувилбар дээр аваачина. Өнгөрсөн хугацаанд төлөвлөлт дээр ажилласан багийнхан маань олон улсын нийтийн тээврийн системийг нэлээд судалсан. Улаанбаатар дотогш чиглэсэн хөдөлгөөнтэй. Иргэд хотын нэг захаас нөгөө зах руу зорчихдоо ч бүгд төв зам дээрээ ирээд түгжирдэг. Тиймээс энэ удаа “Сарнисан өртөөчилсөн тойрог” хөдөлгөөнийг санал болгож, туршина.
“Дундын их авалт”-ыг нэвтрүүлсэн нь үр дүнтэй байна
-Судалгааны ажил өнгөрсөн зунаас эхэлж нэн тэргүүнд иргэдийн зорчих хөдөлгөөний матрецыг гаргасан. Иргэдийн хөдөлгөөний төвлөрөл хаанаас эхлээд хаана дуусч байна. Хамгийн оновчтой болоод оновчгүй чиглэл нь юу юм. Хамгийн их олонлог, хамгийн бага олонлог буюу автобусны багтаамж ашиглалтыг судалсан. Улмаар өнгөрсөн зунаас хойш нийтийн тээврийн хөдөлгөөнд өөрчлөлтүүдийг бага багаар хийсэн. Үндсэн Ч1 чиглэл буюу Таваншар-Офицеруудын ордон чиглэлд өглөө автобусны буудал дээрээс автобуснуудыг нэг зэрэг хөдөлгөөнд оруулж, туршсан нь үр дүнтэй болсон. Өмнө нь Таван шар, Офицеруудын ордноос 5-10 минутын зайтай ар араасаа цуварч хөдөлгөөнөө эхэлдэг байсан. Энэ нь эхний буудлуудаас эхлээд л зорчигчид дүүрч, дунд хэсгийн буудал дээр байгаа хүмүүс багтахгүй, дараагийн автобус хүлээх зэрэг асуудал үүсгэж байв.
Мөн автобуснууд оргил ачааллын үед нэг талдаа гарч иргэдийн бухимдлыг үүсгэж байсан. Ингээд 41 автобусны буудал дээрээс өглөө 06.20 минутад 39 автобусыг нэгэн зэрэг хөдөлгөсөн нь үр дүнтэй болсон. Дараагийн нэг туршилт нь Улаанбаатар хот харьцангуй эртэч хот болжээ. Иргэдэд нийтийн тээврээр зорчих итгэлийг төрүүлэхийн тулд цагийн хуваарь, өглөөний гаралтад анхаарсан. Дараа нь автобус хоорондын интервалийн хугацаанд анхаарсан. Нэг автобус ирлээ, багтахгүй бол дараагийн автобус харагдаж байхаар зохицуулж байна. Мөн “Дундын их авалт” гэсэн нэг зохицуулалт бий. Энэ нь орой ажил тарахтай зэрэгцэн “Мөнгөн завьяа”, Сүхбаатарын талбай, Багшийн дээд дээр их хүмүүс цуглардаг. Тэд дандаа төвөөс гадагшаагаа чиглэлд зорчдог.
Тэгэхээр бид үндсэн чиглэл дээр нь нэмээд “Офицеруудын ордон-Сүхбаатарын талбай”, “Мөнгөн завьяа- Таван шар” гэсэн чиглэлд автобусыг нэмэлтээр явуулж байгаа. Энэ нь мөн үр дүнтэй төлөвлөлт болсон. Ер нь цаашид Сүхбаатарын талбайд баруунд чиглэсэн автобусны буудал байгуулахаар ярьж байна. Мөн хотын ихэнх чиглэлийг дандаа богино эргэлтээр Сүхбаатарын талбай дээр зангидахаар төлөвлөлөө.
“Нэгдүгээр эгнээг хайбрид байдлаар ашиглана”
-Цаашид бүх чиглэлд ядаж өглөөний оргил ачааллын үед нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобусаа явуулна. Уулзварт гацаа үүссэн үед автобусаа түрүүлж хөдөлгөөнд оруулах зохицуулалтыг мөн Тээврийн цагдаагийн газрынхантай ярилцаад хийж байна. Нийтийн эрх ашгийн төлөө ийм зохицуулалтуудыг хийхээс өөр арга байхгүй. Нэг автобус 12 метр урттай, дунджаар 40-50 хүн зорчиж байна. Нэг машин таван метрийн урттай, 3-4 хүн зорчиж байна. Тэгэхээр 40-50 хүний эрх ашгийг нэгдүгээрт тавина. Үүнээс нэгдүгээр эгнээний зохицуулалт нь тийм хатуу байхгүй. Өглөөний оргил ачааллын үе буюу 06-10 цагийн хооронд нэгдүгээр эгнээгээ автобус ашиглана. Бусад үед чөлөөтэй зорчиж болохоор хайбрид зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг Азийн ихэнх орнууд ашигладаг. Бид бусад оронд туршигдаад үр дүнд хүрсэн сайн туршлагуудыг Улаанбаатарынхаа нөхцөлд тулгуурлан хийж байгаа.
Түүнээс дэлхийн хаана ч байхгүй зохицуулалтыг иргэдэд тулгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй. Ирэх зургаадугаар сараас Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай-120 мянгат-Архивын ерөнхий газар чиглэлд энэхүү нэмэх тэмдгийн туршилтыг хийнэ. Үүнийг дагасан жижиг зохицуулалтууд орно. Энэхүү зохицуулалт магадгүй зарим иргэний бухимдлыг төрүүлж мэднэ. Гэхдээ зохицуулалт цогцоороо ажиллаад эхэлбэл иргэдийн бухимдаж байгаа асуудлууд шийдэгдэх юм. Автобус хамгийн боломжтой, хурдан хугацаанд явна. Дундаж хурдыг 25-30 км.цагт хүргэнэ гэж тооцоолсон. Одоо автобус 15-18 км.цагийн хурдтай явж байна. Хүний амьдралын хамгийн үнэтэй зүйл нь цаг хугацаа шүү дээ.
“Төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчихыг уриалж байна”
-Автобусны чиглэлийн шинэ төлөвлөлтөд бид зургаан тойрог зам гаргасан. Нэг тойрог дээр хоёр чиглэлийн автобус зөрж явахаар зохицуулна. Иргэд хүрэх газраа очихдоо хамгийн дөхөм замаар явна гэсэн үг. Өмнөх шиг тойрч зорчихгүй. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хувьд Хархорин, Сандэй-2 зах, Баянзүрхийн иргэд Нарантуул руу гээд явж заншсан буюу амьдарч байгаа тухайн хэсгүүдэд нь тойрог замын чиглэл нэвтрүүлнэ. Мөн энэхүү тойргууд маань хоорондоо дандаа огтолцоно. Энэ нь дамжин суусан ч дараагийн тойрог хэлбэрт орж, очих газраа хүрэх юм. Энэхүү төлөвлөлтөд нийслэл маань бэлтгэл ажлаа хангаж байна. Энхтайваны өргөн чөлөөнд нэг чиглэлийн тээврийн хэрэгслүүд ирнэ гэсэн тэмдгүүдээ байрлуулаад эхэлсэн. Дугаарын хязгаарлалттай, ачаалал харьцангуй бага байгаа үед туршилтаа эхлэхээр төлөвлөсөн. Яагаад гэхээр иргэд хувийн машинаар зорчихоос татгалзаж, нийтийн тээврээр явах сэдэл нэмэгдсэн байгаа. Энэ үед нийтийн тээврийн төлөвлөлтөө хүчитгэх нь иргэдэд итгэл
төрүүлнэ гэж тооцсон. Иргэддээ автобусаар явж болдог гэдгийг ойлгуулмаар байна. Нэг өдөр автобус таны хажуугаар яваад өнгөрлөө. Маргааш нөгөөдөр нь давтамжтайгаар нийтийн тээвэр маань хурдан шуурхай үйлчлээд байвал тухайн иргэнд автобусаар яваад үзье гэдэг зүйл бодогдоно шүү дээ. Төрийн албан хаагч нарыг мөн нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Манай багийнхан чиглэлийн төлөвлөлтөөс гадна нийтийн тээврийн соёл дээр анхаарч байна. Автобусны жолооч гэхэд өдөртөө 2000 орчим хүнтэй харьцдаг. Зорчигч бүр орж ирээд “Тэнд зогсох үү.Тийшээ явах уу, Нисэх үү, Офицер уу” гээд өдөр 100, 200 удаа асууя гэж бодоход стрессдэнэ, хэцүү шүү дээ. Дээр нь ачаалал ихтэй замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. Тэгээд жолооч нартайгаа уулзаад “ Амаргүй ажил гэдгийг ойлгож байна. Гэхдээ үйлчилгээний салбарт ажиллаж байгаа гэдгээ ойлгоод, зарим зүйл дээр чимээгүй өнгөрчих” гэдэг зүйлийг ч хэлдэг.
Хотын удирдлага удахгүй жолооч нарын цалинг нэмэхээ амласан. Тиймээс цалинг нэмэхтэй зэрэгцэн жолооч нараас үйлчилгээний стандартыг нэхэж ажиллана. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, шинэ автобусууд ирсээр байна. Жолооч нарын цалинг нэмж, стандартын хувцастай болж байна. Ингээд дараагийн түвшинд харилцааны асуудалд анхаарах хэрэгтэй. Зөвхөн жолооч гэхээс илүү зорчигчийг мөн мэдээллээр хангах хэрэгтэй. Тухайн маршрутын чиглэл дугаар, хаана очих, зогсох нь тодорхой байх нь харилцаанд ч нөлөөлж байна. Тэгэхээр чиглэлийг богиносгож байгаа нь үүнтэй холбогдоно.
Түгжрэлийн асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй
– Би БНХАУ-ын Шанхай хотын Зам харилцааны дээд сургуульд докторантаар суралцаж байна. Ер нь аль ч улсын түгжрэлийн шийдэл нь нийтийн тээврийн зохицуулалт байдаг юм билээ. Тусгай замын автобус гээд техник технологийн хувьд төрөлжин хөгжиж байна. Манайн улсын хувьд одоохондоо үндсэн тээврийн хэрэгсэл маань зөвхөн автобус. Төр, хувийн хэвшлийн хамтарсан 18 аж ахуй нэгж энэ үйлчилгээг үзүүлж байна. Ирэх жилүүдээс метроны төсөл хэрэгжээд явбал мэдээж төлөвлөлт их өөр болно. Түгжрэлийн асуудал алга урвуулахын хэмжээнд хурдан шийдэгдэхгүй ч гэсэн бид зогсох ёсгүй. Ямар ч гэсэн урагшлах хэрэгтэй. Мөн түгжрэлийн асуудлыг хөгжил нь тасраад явчихсан Япон, Солонгостой харьцуулах боломжгүй. Тэнд хэрэгжиж байгаа бодлогыг нутагшуулах гэж зүтгэх нь утгагүй л дээ. Аль болох өөрийн орны уур амьсгал, хүн ам, дэд бүтэц, засаглал ойролцоо газруудаас сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй.
Ямартай ч нийтийн тээвэртэй холбоотой эхний шийдлүүдээ нэвтрүүлж эхлээд байна. Олон улсын туршлагаас харахад, нийтийн тээвэрт шинэ төлөвлөлт нэвтрүүлэхэд эхний ээлжинд тодорхой хэмжээний зорчигчоо алддаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Мөн нийгэмд бухамдал үүсэхийн үгүйсгэхгүй. 500 мянган иргэнээс 10-20 мянган иргэн тодорхой хэмжээнд бухимдана. Энэ бол тооцоот бухимдал. Гэхдээ танин мэдэхгүй, дадал зуршилтай холбоотой энэ бухимдал удаан үргэлжлэхгүй. Нийтийн тээврийн энэхүү шинэ төлөвлөлт зорчигчоо бодсон, илүү ойлгомжтой, хүртээмжтэй, үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.
“Холбогдох байгууллагууд асуудлыг нэг цонхоор харж, нэг үр дүнгийн төлөө явж байна”
-Шинэ төлөвлөлтийн хүрээнд бид 111 урт чиглэлийг үндсэн таван гол зам, зургаан тойрог, туслах замын гэсэн 73 чиглэлд хуваасан. Автобусны тоо хэвээрээ байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны тавдугаар хуралдаанд энэхүү нийтийн тээврийн чиглэлийн шинэ төлөвлөлтөө танилцуулсан. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хорооноос дэмжсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлагууд, Тээврийн цагдаагийн албаныхан маань илүү манлайлалтай ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэл, агентлагууд түгжрэлийн асуудалд тус тусдаа бодлого ярихгүй байгаа. Бид нэг зүйлийг олон талаас нь харж, нэг үр дүнгийн төлөө өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байгааг мөн дурдах нь зүйтэй.
Туршилтаа амжилттай болгохын тулд бид нарийн тооцоололтой ажиллана. Хаана ямар асуудал үүссэн гэдэг дээр дор бүрнээ дүгнэлт хийж, засч сайжруулаад явна. Түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Гэхдээ түгжрэлийн хэмжээг хувиар илэрхийлэх нь жаахан өрөөсгөл. Олон хүнийг бага орон зайд хурдан хугацаанд тээвэрлэн хүргэх нь түгжрэлийн үзүүлэлт юм. Тэгэхээр нийтийн тээврийн чиглэлийн энэхүү туршилтын түгжрэлд үзүүлэх нөлөө нь мэдээж харагдана. Гэхдээ яг нарийн судалгааг одоо хэлэхэд эрт байна. Хамгийн гол нь иргэдэд ойлгомжгүй байгаа нийтийн тээврийн сүлжээ ойлгомжтой болно. Өмнө нь ЖАЙКА-гийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь автобусанд суудаг гэсэн байдаг. Одоо энэ тоо нэлээд багассан. Тэгэхээр эхний ээлжинд бид 60 хувьд хүргэх зорилготой байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин