ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Отгонжаргал: Автобусны чиглэл, зогсоолын мэдээллийг imap.mn сайтаас харах боломжтой

O.Admin
2024-01-19

Нийслэлийн нийтийн тээврийн маршрутын давхцлыг арилгахаар боловсруулсан шинэ 74 чиглэлд 1075 автобус маргааш буюу нэгдүгээр сарын 20-ноос үйлчилгээнд гарна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Иргэд автобус хүлээх хугацааг багасгах зорилгоор уг богино эргэлтийн чиглэлүүдийг боловсруулсан. Шинэ маршрутуудын мэдээллийг автобусны 224 буудал дээр байршуулшнаас гадна "Номад Жеографик" ХХК-тай хамтран цахим системд оруулж байна. Уг системд хотын хойд хэсгээр явж буй маршрутаас урд чиглэл рүү зорчих дамжин суух маршрутын зураглалыг оруулсан. Мөн маргаашаас үйлчилгээнд гарах 1075 автобусанд маршрутын мэдээллийг QR хэлбэрээр, иргэдэд ойлгомжтойгоор байршуулна" гэв.

Иргэд imap.mn холбоосоор нэвтэрч автобусны чиглэлүүдийн мэдээллийг харах, зорчих, дамжин суух, очих цэгээ тооцоолох боломжтой. Гар утасны аппликейшний хувьд туршилтын хувилбар нь “App Store” болон “Play Store”-д албан ёсоор ороод байна. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. 

-Автобусаар зорчих үнэд өөрчлөлт орох уу?

-Шинээр батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын саналаар НИТХ-аас шийдвэр гаргана. Одоогоор энэ тухай шийдвэр гараагүй тул иргэд 500 төгрөгөөр зорчино. Мөн 30 минутын дотор дамжин суухад хөнгөлөлт эдлэх нөхцөл хэвээр үргэлжилнэ. Энэ сарын 25-нд болох НИТХ-аар нийтийн тээврээр зорчих үнэ болон дамжин суух нөхцөлийн талаар хэлэлцэнэ.

-Автобусны төлбөрийн системд олон төрлийн төлбөрийн хэрэгслийг ашиглах боломжтой юу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гаргасан төлбөрийн хэрэгсэл хүртээмж багатай гэх шүүмжлэл бий. Тиймээс төлбөрийн бүх хэрэгслийг ашиглах системийн хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд гуравдугаар сараас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.  Мөн шинээр худалдан авч буй автобуснууд найман камертай тул автобусаар үйлчлүүлж буй иргэдийн тоог тус камерын тусламжтай бүртгэнэ. Энэ нь төлбөрийн системд уншигдсан иргэдийн тоог камерын бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн тооноос зөрүүлэхгүй байх зорилготой юм.