ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад иргэний визийн зөвшөөрлийг цахимаар олгоно

O.Admin
2024-01-26

Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, энэ сарын 30-ны өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо.

Визийн зөвшөөрлийн хүсэлтийг өмнө нь цахимаар хүлээн авч, зөвшөөрсөн тохиолдолд цаасан дээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж байсан бол цахим болгосноор и-мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч цахим визийн зөвшөөрлөө шалгах боломжтой. Тодруулбал, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл хүргүүлж, isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс гадаадын иргэний болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авна.

Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг бөгөөд ГИХГ-аас олгосон визийн зөвшөөрлийг хилийн чанадад суугаа ДТГ-ууд isf.mn нэгдсэн системээс хянаж, виз олгох юм.

ГИХГ өнгөрсөн онд гадаадын 44831 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ. Харин визийн зөвшөөрлийг ийнхүү цахимд шилжүүлснээр дээрх тооны визийн зөвшөөрлийг хэвлэх бичиг хэргийг зардал буураад зогсохгүй хэвлэх, гарын үсэг зурж баталгаажуулах, скайнердаж хүсэлт гаргагчид илгээх зэрэг олон шат дамжлага багасах ач холбогдолтой.