Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахаар дугаарыг тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийн хэрэгжилт өнөөдрөөр дуусаж байгаа билээ. Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд олон нийтээс санал авч, гарсан үр дүнг НЗДТГ-аас мэдээлж байна.
НЗДТГ-аас энэ сарын 29-нөөс эхлэн гурав хоногийн хугацаатай санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 55 хувь нь тэгш, сондгой улсын дугаарын хязгаарлалтыг цуцлах нь зүйтэй гэж үзсэн бол 45 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжжээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Өмнөх хугацаанд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар түр хязгаарлахаас өөр аргагүй байлаа. Энэ хооронд 250 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон нь эрчмийг нэмэгдүүлж тэг зогсолт болчихгүй нөхцөл бүрдэж байв.
Харин мргаашаас эхлэн түгжрэл нэмэгдэж, замын хөдөлгөөний эрчим буурах магадлал үүсэж байна. Тиймээс иргэд ажил төрлөө зохицуулж гарахаас өөр сонголт үлдсэнгүй. Нийтийн тээвэр ч үүнийгээ дагаад хүнд байдалд орох төлөвтэй байна. Мэдээж Улаанбаатар хотын цаашдын урт хугацааны шийдлүүд байгаа ч ойрын хугацаанд асуудлууд байна. Нийслэлд байгаа 700 мянган автомашины 400 мянга нь хөдөлгөөнд оролцоход түгжрэл үүсэж байна" хэмээн мэдээллээ.