ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Зүүн Азийг эрчим хүчээр хангах экспортын боломж байна гэдгийг бүгдээрээ сонслоо”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-17

Ерөнхиийлөгч анхны гадаад айлчлалаа 2017 оны есдүгээр сарын 4-ний өдөр Оросоос, бүр тодруулбал Владивосток хотоос эхлүүлж байлаа. Тэр­бээр Ерөнхийлөгчийн хувиар анх удаа “Дорнын эдийн засгийн III чуулган”-д орол­цож, олон чухал асуудлыг шийдэх суурийг тавьж байлаа. Ерөн­хийлөгч Х.Баттулга анх­ны гадаад айлчлалаа Владивостокоос эх­лүүлснээс хойш Чиндаод бол­сон  Шанхайн хам­тын ажил­лагааны \ШХАБ\ бай­гуул­лагын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн XVIII уулзалтад оролцсон.

Тэгвэл гурав дахь гадаад айлчлал нь Владивостокт болсон “Дорнын эдийн засгийн IV чуулган” байлаа.  Энэ гурван айлчлал нарийн холбоотой. Тэрбээр анхны айлчлалаараа хөндсөн, шийдэхийг зорьсон, ажил хэрэг болгохоор зүтгэсэн бүхнээ удаах хоёр айлчлалаараа баталгаажуулж, батжуулахыг хичээлээ. Олон яриа хэлцэл ажил хэрэг болох боломжтой болсон. Эхнээсээ хэрэгжиж ч байгаа. Энэ оны зургадугаар сард  “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг албан ёсоор байгуулав. Ингэснээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан, гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаатай 25 хувийн татварын хөнгөлөлт эдлэхээр болсон. Чиндаод уулзахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Владивостокт тохирсон хэлцэл ажил хэрэг болсныг онцолсон юм. Путин ч   ОХУ-ын нутгаар, төмөр замаар дайран өнгөрөх манай улсын транзит ачаанд хөнгөлөлт үзүүлэх албан ёсны гэрээ хэлцэл, Монгол Улсын эдийн засагт өндөр үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна гэдгээ хэлж байв. Энэ бол Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын үр дүнгийн тодорхой жишээ.  

Хийн хоолойг Монголоор дайруулах саналыг дэмжихээ илэрхийлэв 

Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн IV чуулган”-д оролцох үеэрээ Япон, Солонгос, Хятад, Оросын төрийн тэргүүн, сайд нартай уулзлаа.  Ерөнхийлөгч  БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзах үеэрээ  Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах болон ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрэмбэлэх талаар хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох зэрэг асуудлыг дэмжиж ажиллахыг хүслээ.  Мөн Замын-Үүд-Алтанбулагийн хурдны зам байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт тодорхой саналууд тавьж ярилцсан юм. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг иж бүрэн утгаар шинэчилж, худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх, төмөр зам барих, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, бүс нутгийн энх тайван аюулгүй байдал гэх мэт олон чиглэлээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа хэллээ.  Мөн  Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Cи Жиньпинтэй өнгөрсөн зургадугаар сард Чиндао хотноо уулзахдаа санал болгосон Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тус улсад экспортлох саналыг хүлээн авч дэмжиж ажиллахаар болсон талаараа Хятад улсын тал мэдэгдлээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр хөршид ээлж дараалан айлчилж, олон ажил хэрэгч санал тавьсны үр дүн эхнээсээ гарч байна.  Энэ талаар Ерөнхийлөгч  хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улс урд хөрштэйгөө 4700 орчим км хиллэдэг. Улаанбаатар хотоос зүүн хязгаар хүртэл 1000 орчим км. Харин баруун хязгаар хүртэл 1500 орчим км. Баруун, зүүн хязгаарын алслагдсан бүсэд байгаа иргэд Улаанбаатарт бараа таваар авчрах дэд бүтэц, тээврийн боломж байхгүй. Энэ тухайгаа Хятадын талд хэлсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд нь ч Увс аймагт очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Тиймээс үүнийг ойрын үед шийдэх байх. Үүнийг уулзахаараа л санаж ярьдаг биш, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар тогтмол уулзаж, ярилцаж, шийдвэрлэх чиглэлд түргэвчлүүлэхээр санал нэгдлээ” хэмээн ярьжээ.  

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэр  цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлон хэлсэн аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын  болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой гэдгийг дуулгасан юм.  Чиндаод уулзахдаа Путин  “Газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын газар нутгаар дамжуулах асуудлыг дэмжинэ” хэмээн хэлж байсан билээ.  Дээрээс нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ асуудлыг судалж үзэхээ амласан нь бидэнд боломж байгааг харууллаа.  Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар ярихдаа “Сая гурван улсын холбогдох яамд санамж бичиг байгуулсан нь томоохон алхам боллоо. Удаан хугацааны турш яригдаж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналаа Чиндаогийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчид тавихад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Сая урд хөршийн даргатай уулзахдаа энэ талаар ярилцахад эдийн засгийн судалгаа хийхээ хэллээ. Ерөнхийлөгч В.Путинтэй Чиндаод уулзах үеэр хүлээлгэн өгсөн холбогдох судалгаа, тооцоонуудад үндэслэн ажил нэлээд урагштай байгаа юм билээ. Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг, хоёр хөршийнхөө дунд бид арал шиг үлдэж болохгүй. 2020 онд хоёр хөршийн маань худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрнэ гэж байгаа. Энэ худалдааны эргэлтийн их, бага хамаагүй хэсгийг газар нутгаараа дамжуулъя гэдэг л санал шүү дээ” хэмээлээ.  Жилийн өмнө Ерөнхийлөгч энэ асуудлыг Владивостокт хөндөж тавьж, онцолж байлаа. Харин Чиндаод уулзахад Оросын Ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлсэн. Дахиад Владивостокт Оросын тал дэмжихээ илэрхийлж, Хятадын дарга эдийн засгийн судалгаа хийхээ амална гэдэг бол ахиц, үр дүн.  

Монголоос  Хятад руу  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна 

Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокт бол­сон өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлэх­дээ “Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ” төслийн ажлыг  шуурхай эхлүүлэхийг уриалсан нь олон орны анхаарлыг татсан үйл явдал боллоо. Тэрбээр, Монгол Улс бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримтлахыг энэ индрээс нотлохыг хүсч байна. Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд тодорхой санал дэвшүүлье. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна. Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно” хэмээлээ.  Мөн тэрбээр эх орондоо ирснийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Манай оронд хэзээ ч хэрэглэж барахгүй хэдэн тэрбум тонноор хэмжигдэх эрчим хүчний хүрэн нүүрсний нөөц байна. Түүнийгээ боловсруулаад, Зүүн Азийг эрчим хүчээр хангах экспортын боломж байна гэдгийг чуулга уулзалтын үеэр бүгдээрээ сонсож, мэдлээ” хэмээн онцолсон юм.   Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсан дахь статистик мэдээллээс харахад, Монголд 15 сав газарт 300 гаруй нүүрсний орд байгаа бөгөөд 173.3 тэрбум тонн нөөцтэй гэсэн таамаг байдаг аж.  Үүнээс 37.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг нарийвчлан тогтоосон байна. 2017 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар нүүрсний 49 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 29 нь чулуун, 20 нь хүрэн нүүрснийх аж. Монголдоо  томд тооцогдох хүрэн нүүрсний орд болох Шивээ-Овоо гэхэд одоогоор ашиглаж байгаа талбайн нөөц нь 630 сая тонн. Жилдээ хоёр сая тонныг олборлох хүчин чадалтай энэ уурхай бүрэн чадлаараа ажиллахад 300 жилийн нөөц байна гэсэн үг.  Хүрэн нүүрсний нөөцөөрөө тэргүүлэх эгнээнд ордог Багануурын уурхай 800 сая тоннын нөөцтэй гэдгийг 2015 онд тогтоосон.  Цаашилбал, Улаан-Овоогийн нүүрсний орд 208 сая тонн, Өвдөгхудагийн нүүрсний орд  324.9 сая тонн, Баянтээгийн нүүрсний орд 29.6 сая тонн,  Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд 109 сая тонн нөөцтэй.  Мөн Хар тарвагатайн орд 23 сая тонн, Адуунчулуун 423.8 сая тонн,  Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд 923.2 сая тонн,  Чандгана талын нүүрсний орд  1.2 тэрбум нөөцтэй гэсэн мэдээлэл бий.  Зөвхөн энд дурдсан нүүрсний ордуудын нөөц 3-4 тэрбум тонноор хэмжигдэж байгаа юм. Ерөнхийлөгч  “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалахдаа энэ бүхнийг бодолцсон нь ойлгомжтой.  Бидэнд нүүрсээ түүхийгээр нь гаргах биш эрчим хүч үйлдвэрлэж, Азид, бүс нутагтаа өрсөлдөх боломж байна.