Цахим орчинд цагаа өнгөрөөж буй хэн бүхэнд хүчирхийлэлд өртөх эрсдэл бий. Цахим орчинд та дарга, цэрэг, хэн байх нь төдийлөн хамаагүй.
Та бол зөвхөн цахим хэрэглэгч. “2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон”, “Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг” зэргээс харахад, цахим хүчирхийллийн хохирогч болох тохиолдол багагүй буй нь санаа зовоосон, эмзэг асуудал нэгэнт болжээ.
Тэгэхээр цахим хүчирхийлэл гэж юу болохыг одоо тайлбарлая.
Энэ нь цахим орчинд буй хүн рүү чиглэсэн халдлага юм. Тодруулбал, цахим орчинд хүнийг илтэд заналхийлэх, айлгах, дарамтлах, дорд үзэх нь цахим хүчирхийлэл юм. Ийм хүчирхийлэл нь хүний сэтгэл санааг төдийгүй бие махбодийг гэмтээх үр дагавартай. Ийм үйлдэлд цахим орчны хаана байх, ямар үйлчилгээг хэрэглэж буйгаас үл хамааран өртөх эрсдэлтэй.
Эндээс харахад цахим хүчирхийлэл нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд түүнийг дараах байдлаар ангилах буюу нэрлэж болно:
- троллинг
- цахим өдөөн хатгалга
- цахим дарамт
- цахим үзэн ядалт
- цахим хүчирхийлэл
- кибер зугтах
- цахимаар дээрэлхэх
- цахимаар уур, бухимдлаа гаргах
- цахим түрэмгийлэл
- цахим орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядсан үг хэллэг хэрэглэх
- цахим орчин дахь хэрүүл
- зураг, дүрслэлээр илрэх түрэмгийлэл.
Гэхдээ цахим орчинд санал нийлэхгүй байх, өөр бодолтой байхыг цахим хүчирхийлэл гэж явцуурч бас болохгүй.
Жишээн дээр авч үзье. Тухайлбал, хэн нэгний нүцгэн зураг, бичлэгийг эзнээс нь буюу тухайн зурагт буй хүнээс зөвшөөрөл авалгүйгээр, бусдыг ичээх, “зугаацуулах” зорилгоор цахим орчинд тараах нь зураг, дүрслэлээр илрэх түрэмгийлэл юм. Ийм үйлдлийг цахим хүчирхийлэл гэж үзэх шалгуур нь түүний улмаас бусдын нэр төр, алдар хүндэд хохирол учруулах бөгөөд харагдах байдал, шашин шүтлэг, хүйс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, улс төрийн итгэл үнэмшлээр нь ялгаварлаж буй байдал юм.
Мөн,
- сул дорой нэгнийг амиа хорлох, өөртөө хохирол учруулахыг ятгах, дэмжих;
- садар самуун агуулга, дүрслэлтэй зурвасыг тухайн хүнд буюу түүний гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад руу олон дахин илгээх;
- тухайн хүний зургийг садар самуун агуулга бүхий вэб сайтад байршуулах зэргээр цахим орчинд илтэд буруу ойлголт төрөхүйцээр нийтлэх;
- хэн нэгний хувийн мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэх, тийм мэдээлэлд нь танихгүй хүн хандах, сөрөг сэтгэгдэл бичих нөхцөл бүрдүүлэх
- цахим орчинд хүнийг мөрдөн мөшгөх буюу олон нийтийн цахим сүлжээний хаяг, банкны данс, имэйл хаяг зэргийг хакердах нь цахим хүчирхийлэл мөн.
Тэгвэл, цахим хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Үүний тулд цахим хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлэхгүй байхаар тооцож дараах үйлдлийг хийж болно.
- Тэрхүү цахим хүчирхийлэл үйлдэгчийн талаар тухайн вэб сайт, цахим сүлжээний админд мэдэгдэх, нэр, зүсээ өөрчилсөн тохиолдол бүрд дахин вэб сайт, цахим сүлжээний админд мэдэгдэх.
- Цахим хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэгдэл хариу бичихгүй байх, үл тоох. Энэ хэцүү боловч, үр дүнтэй арга шүү.
- Тэрхүү цахим хүчирхийлэл үйлдэгчийг блоклох, аних бүх хэрэгслийг ашиглах. Хэрэв нэр, зүсээ өөрчилж дахин гарч ирвэл, блоклох, аних үйлдлээ дахин давтах.
- Цахим хүчирхийлэлд өртөгч буюу хохирогчийг хамгаалах. Ингэхдээ хүчирхийлэл үйлдэгчийг “алдаршуулах”-гүйгээр, тэрхүү зүй бус үйлдэлтэй нь тэмцэх хэрэгтэй.
- Боломжтой бол, цахим орчны аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой өдөр, цагт цахим сүлжээнээс гарч байх. Шөнө орондоо орохдоо төхөөрөмжөө унтраах зэргээр танд “хүрэх” нөхцөлийг багасгах хэрэгтэй.
Өөр юу хийж болох вэ?
- Цахим орчинд таагүй зүйлс мэдэрч буй эсэхээ эргэцүүлж байх;
- Найз нөхөд, гэр бүлийн гишүүдтэйгээ цахим хүчирхийллийн талаар ярилцаж, нэгдмэл ойлголттой болох;
- Цахим хүчирхийлэлд өртөхгүй байх арга замыг бусдадаа зөвлөн таниулах;
- Шаардлагатай бол сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа авах.
Цахим хүчирхийллийн эсрэг хууль зүйн ямар арга хэмжээ авч болох вэ?
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бүх төрлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг болно. Иймд цахим орчинд ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буйг тодорхойлох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “заналхийлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Заналхийлэх гэдэгт бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хамаарна. Мөн 13.8 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах” үйлдлийг, 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах”, 13.12 дугаар зүйлд “Хууль бусаар мөрдөж мөшгих”, 14.1 дүгээр зүйлд “Ялгаварлан гадуурхах”, 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” үйлдлийг тус тус гэмт хэрэг гэж тооцсон.
Иймд цахим хүчирхийллийн төрөл, үр дагавраас хамааран дээр дурдсан гэмт хэргийн аль нь болохыг тодорхойлж, өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Түүнчлэн, цахим хүчирхийллийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Эх сурвалж: Familycenter.mn