УОК-оос улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдалтай уялдуулан өндөржүүлсэн бээн байдлын зэрэгт шилжиж, өдөр бүр 11.00 цагаас олон нийтэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар УОК-ийн дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын өв соёл, ахуйг тээж, хүн ардаа хүнс махаар тэтгэж, онгон байгалийнхаа хамгаалагч нь болж буй малчид хүнд цаг үеийн туулж байна. Тэдэнд чиглэсэн тусламж дэмжлэгийн асуудал дээр буруу зөрүү ойлголт гаргахгүй байх талаас онцгой анхаарч үнэн бодитой мэдээллийг иргэд малчид олон нийтэд хүргэх, хууль зөрчсөн, хулгай хийсэн, элдэв янзын нугалаа гаргасан асуудлыг улсыг хэмжээнд бүх шатанд таслан зогсоож, шаардлагатай арга авч хуулийн хариуцлага тооцох хүртэл анхаарч ажиллахыг аймаг орон нутагт үүрэг даалгавар хүргүүлсэн.
Он гарснаас хойш 63 мянган иргэнд эрт илрүүлгийн оношилгоо, үзлэг хийж, 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд эрүүл мэндийн зөвлөгөө үзүүлсэн. Нийт 12 суманд 60 гаруй эмнэлгийн зориулалтын туулах чадвартай авто машиныг ЭМЯ-аар дамжуулан хуваарилахаар боллоо.
Иргэд олон нийт, олон улсын байгууллагаас УОК-т нийт 44 иргэн 26 аж ахуйн нэгж, 61 төрийн байгууллага, 23 ТББ, гадаадын нэг байгууллагаас нийт 3 тэрбум 171 сая 848 мянга 216 төгрөгийн хандив цугларсан. Мөн 805 сая төгрөгийн бараа материалын хандив ирүүлсэн. Үүнээс хүндрэлтэй аймаг, сумдад 701 сая төгрөгийн 41 мянга 484 ширхэг бараа бүтээгдэхүүнийг газар дээр нь хүргэсэн. Эдгээрийн зарцуулалт хэрхэн хуваарилсан гэх маш тодорхой мэдээллийг цахим болон шилэн дансанд байршиж байгаа. Тусламжаар хүрч байгаа бараа дундаасаа замхарч, ах дүүгийн сүлбээ орж болохгүй. Ийм дутагдал гаргасан албан тушаалтан байвал УОК-ын шуурхай штабд баримттай мэдээлэл өгөхөд хяналт тавьж ажиллах болно.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж, дэмжлэгийн хүрээнд 3 сая 249 мянган ам.долларын санхүүжилт босож, иргэдэд шууд хүргэж байгаа. Айл өрхийн дансанд шууд бэлнээр хүргэгдэж байгаа. Нэг өрхөд дунджаар 560 мянган төгрөг нэмээд өвс тэжээлийн 150 мянган төгрөг шилжиж, байгаа. Өнөөдрийн байдлаар 11 мянга 134 зорилтот бүлгийн өрхүүдэд энэ хэмжээний бэлэн мөнгө өгөхөөр зохион байгуулагдаж байна. Олон улсын 20 гаруй донор байгууллагаас өгч буй уг тусламж дансанд нь орж байгаа эсэхийг өөрсдөө сайн нягталж бидэнд мэдээлэхийг хүсэж байна.
Энэ мэт сайн санааны үүднээс малчид иргэдэд тусалж байгаа бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар 3 сая 89 мянган 420 толгой мал хорогдсон байна. Маргааш энэ тоо дахин шинэчлэгдэх болно. Бид малын хорогдлын тоо баримтыг үнэн бодитой гаргах талд анхаарч байгаа. Мөн халдварт өвчин тархахаас болгоомжилж, хяналт тавьж байгаа.
Засгийн газрын нөөцөөс 14 мянган тонн өвс тэжээл, бусад материалыг зудтай байгаа малчин өрхүүд рүү хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 116 мянган малчин өрх, зуд, хаваржилтын хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн.
Дээрх өрхөд 1700 тонн хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будаа мөн бусад тусламжийг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 97 мянган километр автозамыг айл өрх, сум, багууд руу гаргасан. Сүхбаатарт аймагт хамгийн их буюу 942 мянган толгой мал хоргодсон.
Аймгуудаас гадна нийслэлийн хоёр дүүрэг төмөр, цагаан зудын нөхцөл байдалтай байна. Энэ дүүргийн малчин өрхүүдэд мөн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байна" гэлээ.