ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Боловсролын зээлийн санг боловсролд бодитоор ашиглах нь ээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-03-11

Нийтлэлийн эхэнд хэдэн тоо дурдая. Тодруулбал, 2024  оны улсын төсөвт 126.3 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн санд тусгахаар болжээ. Өнөөдрийн байдлаар 1497 оюутан суралцаж байгаагаас 97.5 хувь нь зээлийн сангаар суралцаж байгаа аж. Үлдсэн нь тэтгэлэгт хамрагджээ. Суралцагчид ихэвчлэн АНУ, Англи, Австрали, Бельги, Шинэ Зеланд зэрэг улсад суралцаж байгаа. Одоогоор зээлийн эргэн төлөлт 1.7 ам.долларт хүрчээ...

Төрийн тусгай сангуудаас хамгийн их хэл ам дагуулсан нь Боловсролын зээлийн сан байдаг. Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй дуулиан, шуугиан дагуулсныг уншигч та санаж буй биз. Энэхүү сан нь 1997 оноос эхлэлтэй ч энгийн иргэдэд хаалттай, хязгаарлагдмал байсан бөгөөд зөвхөн эрх мэдэл, албан тушаалтай хүмүүсийн хүрээлэл хүртдэг, хамрагддаг шударга бус нөхцөлтэй байсаар ирсэн нь олон, олон баримтаар ил тод болж байлаа.  

Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадвартай дарга нарын хүүхдүүд, тэдний ойрын хүрээлэл, дэлхийн шилдэг Их дээд сургуульд боловсролын зээлийн сангийн дэмжлэгтэйгээр суралцсаар ирсэн гэсэн үг. Жирийн иргэдийн боломжийг хулгайлсан гэж ойлгож болно. Энэхүү сангаар 1997 оноос хойш 2368 оюутан суралцсан бөгөөд олонх нь зээлээ эргэн төлөөгүй, мэргэжлээрээ ажлаагүй, эх орондоо ирээгүй гэх судалгаа ч дуулиан шуугиантай зэрэгцэн гарч байлаа. Харин зээлээ төлж, мэргэжлээрээ эх орондоо ажиллаж амьдарч байгаа нь тун цөөн.

Жирийн иргэдийн мэдлэг, чадвартай хүүхдүүд ихэвчлэн дотоодын Их, дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшдэг байсан хэрэг л дээ. Тэднээс мэдлэг оюунаа дайчлаад  гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн нь тун цөөхөн. Тэгвэл энэхүү тэгш бус үйлчилгээтэй, ялгавартай ханддаг Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт орсноор жирийн иргэдийн хүүхэд сурах эрх, дэлхийн боловсрол эзэмших нөхцлийг илүүтэй хангаж өгч, нээлттэй зарчимд шилжүүлэхээр болжээ. Суралцагчдын сонгон шалгаруулалтыг нээлттэй болгож, шударга зарчмаар нэрсийг тодруулах юм байна.

Энэ бол шинэ үеийнхэнд олгогдож буй хамгийн том боломж. Тэр дундаа шинэ үеийнхэнд гадаад хэлний бэрхшээл бага, суралцах нөхцөл хангалттай байгаа энэ цагт зээлийн сангаар дэлхийн шилдэг Их, дээд сургуульд суралцах боломжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Засгийн газар олгож эхэллээ.

Алдаж боломгүй том боломж юм шүү, залуус аа. Гадагшаа суралцахаар төлөвлөж байвал Боловсролын зээлийн санд хандах, суралцах гэж буй мэргэжлээ сайтар судлах зэргээр залуу үеийнхэн одоо элдэв асуудалд санаа зовохгүйгээр өөрсдийгөө бэлтгэх шаардлагатай болов. Энэхүү зээлийн санд хамрагдахын тулд танил, тал, ах дүү, эрх мэдэл хамаарахгүй болжээ. Суралцах хүсэл эрмэлзлэлтэй, хэлний оноотой, шилдэг сургуулиудын шаардлагыг давсан байх юм бол залууст бүрэн дүүрэн боломж ирчихэж. 

Түүнээс гадна Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, буцалтгүй хэлбэрээр олгогдож байгаа юм билээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг буюу илгээлтийн эздээр 1000 гаруй оюутан гадаадад суралцаж байна. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр одоогоор 20 гаруй хүүхэд гадаадын Их, дээд сургуульд магистрантур, докторантурт сурч байгаа гэнэ. Энэ бол бидний үед олдоогүй том боломжууд. Монгол Улс боловсролд хөрөнгө зарж чаддаг болсны бодит жишээ учраас ухаалаг утаснаас илүүтэй боловсролдоо анхаарч, хичээлээ л сайн хийвэл шүүрэх боломж олон болжээ. Шинэ үеэ дэмжиж буй, боловсролд хөрөнгө оруулж чадаж буй хүн бүхэнд талархлаа.