Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар зудын эрсдэлтэй байгаа аймгуудын малчдад туслах цэргийн алба хаагчдаас бүрдсэн сэргээн босголтын бүлэг аймаг, орон нутгуудад ажилласан билээ.
Тэдний нэг хэсэг нь Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Онгон сумдын хүнд хэцүү нөхцөлд 14 хоног үүрэг гүйцэтгэж, гамшгийн эрсдлийг бууруулахад бодит дэмжлэг үзүүлээд нутаг буцлаа.
Тус бүлэгт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 013, 014, 120, 150, 350, 327, 338 дугаар ангиуд болон дотоодын цэрэг, Хилийн цэргийн нийт 130 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд 14 хоногийн хугацаанд 10880 км замыг туулж 37 гэр хашааг нүүлгэж, цасанд дарагдсан 183 айлыг гаргаж, хандив тусламжийн өвс тэжээл хүнсний бүтээгдэхүүнийг 48 байршилд хүргэж ажилласан байна.
Өнөөдөр аймгийн удирдлагууд алба хаагчдад талархал илэрхийлж хошууч С. Ёндонпэрэнлэй, дэд хурандаа Д.Нямсүрэн, дэд хурандаа Н.Үүрцайх нарыг "Сүхбаатар аймгийн хүндэт тэмдэг"-ээр, "Сүхбаатар аймгийн Жуух бичиг"-ээр үүрэг гүйцэтгэсэн бүх нэгтгэл, ангиудыг шагнаж, аян замдаа саадгүй явахыг ерөөлөө.
Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын ЦЭРГИЙН ШТАБ