Төрийн ордонд болж буй "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил"-ийн эдийн засгийн форумд оролцож буй Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэгийн байр суурийг уншигч танд хүргэе.
Тэрбээр, хэлэхдээ "Хүн рүү чиглэсэн хөгжлийн бодлого явуулж байж улс орон хөгжинө. Том дэд бүтэц, зам харгуйгаа бид хөгжүүлж ирсэн бол үүнийг хүн рүү чиглүүлэх асуудал тулгамдаж байгаа. Салбарын бодлого байдаг ч хотын иргэдийн хүртээмжийн асуудал яригдаж байна. Хотын зах руу амьдарч буй иргэдэд чанартай боловсрол, эрүүл мэндийн асуудал тулгамдсан хэвээр байгаа.
Их тойруу бол хамгийн том нягтралтай байгаа учраас үүнийг задлахын тулд гэр хорооллоо орон сууцжуулъя. Гэхдээ өмнөх алдаагаа давтахгүйн тулд хот оролцъё гэж байгаа юм. Газар чөлөөлөлт явагдаад орон сууцжуулах ажлаа эхлээд явж байна. нийгмийн суурь үйлчилгээгээ ч мартахгүй байя. Буйдхан үйлчилгээ буюу хамгийн ойроос нийгмийн үйлчилгээг авах нь ковидын дараа дэлхий дахины хэрэгжүүлж буй бодлого болсон учраас энэ чиглэлээр ч манай улс ажил эхлүүлье гэж байна. Төрийн байгууллага, Их сургууль, том эмнэлэг зэргийг хотын зах руу гаргахаар яриад бүтээн байгуулалтаа хийж байна. Хашаандаа сайхан амьдарцгаая гэж байгаа хүн олон бий.
Гэхдээ нислэлийн иргэдээс жил бүхэн санал авахад ихэнх нь орон сууцанд амьдармаар байна гэдэг. Амьдарч буй нөхцлийг нь бид өөрсдөө мэдэхгүй учраас тэднийг яг хашаандаа сайхан амьдарч байна уу гэдгийг ярих ёстой юм. Тухайлсан зарим иргэд илүү гоё амьдрах, хаус бариад амьдрахыг илүүд үздэг. Тэгвэл нийслэлээс тухайлсан бүсүүдийг гаргаад хаустай газар нь хаустай, нүхэн жорлонгүй орон сууцтай газарт нь орон сууцаа гэх мэтээр бүсчлээд хуваагаад бүтээн байгуулалтаа хийгээд явна аа.
Төр төсөл хэрэгжүүлэгч компанийг иргэнтэй холбож өгөөд өөрөө гарчихдаг байсан. Гэтэл компани ажлаа хийгээгүйгээс болоод иргэд хохирдог, эсвэл чанаргүй барилга, наад захын хэрэгцээ буюу сургууль, цэцэрлэг барьдаггүй. Тэгвэл цаашдаа төр оролцож хяналт тавих буюу төлөвлөгөөг гаргаж өгөх ч хувийн хэвшил бүтээн байгуулалтаа хийгээд явна аа гэсэн үг. Хүний нэн хэрэгцээт шаардлагатай үйлчилгээг цогцоор бий болгоосой гэж хүсэж байна" хэмээлээ.